Мөн Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал Д.Баяржаргалын цуглуулсан 1893-1993 оны хооронд бүтээгдсэн 60 орчим гэрэл зургийн аппаратыг Улаанбаатар хотын музейгээс харж болох юм байна. Д.Баяржаргалын аав нь гэрэл зургийн аппарат цуглуулж байжээ. Тэр аавынхаа цуглуулгыг үргэлжлүүлсэн юм байна. Түүний аав хуучин ЗХУ-ын үед гарсан ихэнх аппаратыг цуглуулдаг байна. 1890-ээд оны сүүлээс эхлэн АНУ-д үйлдвэрлэсэн “КОДАК” аппаратын хөгжил дэвшлийг эндээс тод харж болохоор байв. Д.Баяржаргал “Миний цуглуулганд голдуу л ОХУ-ын механик ориг аппарат байгаа. Аав маань гэрэл зурагчин хүн байсан. Тэр нь надад нөлөөлж багаасаа л гэрэл зурганд их дуртай байсан. Гэрэл зургийн аппарат цуглуулаад 30 жил болж байна. Олон улсын аппарат цуглуулдаг хүмүүстэй холбоотой байдаг. Нэгэнд нь ховор аппарат илүү байвал хоорондоо солилцдог юм. Сүүлд би нэг ховор аппаратыг монгол мөнгөөр 2-3 сая төгрөгөөр авсан. Тийм л их сонирхолтой болсон байна” гэж ярилаа. Мөн Ц.Батзориг агсны хоёр аппарат уг үзэсгэлэнд тавигджээ. Нэг нь түүний хэрэглэж байсан аппарат бол нөгөөх нь “МИ-8”-ын ослоос үлдсэн ганц зүйл гэнэ. Уг үзэсгэлэн шинийн 8-ныг хүртэл Улаанбаатар хотын музейд үргэлжлэх юм билээ. Сонирхуулахад, дэлхийд гэрэл зураг үүсээд 170 гаруй жил болж байгаа бол Монголд гэрэл зураг үүсээд 130 гаруй жил болжээ. Монголын тухай анхны гэрэл зургуудыг Оросын судлаач Андрианов хэмээх хүн 1877 оны орчим авч, тэр зургуудаараа эзэн хааныхаа Шинжлэх ухааны академийн шагнал, мөнгөн медаль хүртэж байжээ. Дэлхийн хорь гаруй орны 500 гаруй компани фирм фото аппарат үйлдвэрлэдэг байна. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө герман, америкчууд фото аппаратын зах зээлд тэргүүлж байсан бол дайны дараагаас япончууд тэргүүлж эхэлжээ.