Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд 51 гишүүн орны бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан НҮБ эдүгээ 193 гишүүн орныг эгнээндээ нэгтгэж байна. Энэхүү 193 орон болгон идэвхтэй гэдэг ангилалд орохгүй байгаа. Харин Монгол Улс 1961 оны аравдугаар сард бүрэн эрхт гишүүнээр элссэн. Үүнээс хойш Монгол Улс 50 гаруй тогтоолыг санаачлан батлуулж, 500 гаруй тогтоол шийдвэрт хамтран зохиогчоор оролцоод буй юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Монгол Улс анх 1967 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчдөө оролцуулснаас хойш 1992 он хүртэл завсарласан байна. 1992 онд Монгол оролцохдоо өөрийн гэсэн санаачилгыг тунхагласан билээ. 1992 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат цөмийн зэвсэггүй бүсийн статустай болох Монгол Улсын санаачилгыг НҮБ-ын индэр дээрээс танилцуулж байжээ. Үүнээс хойш Монгол Улс энэ санаачилгаа ажил хэрэг болгохын төлөө цуцалтгүй тэмцсэний дүнд 2012 оны НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүн таван орон Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүс статусыг албан ёсоор баталгаажуулсан. Өнгөрсөн сарын 23-нд эхэлсэн НҮБ-ын 68 дугаар ерөнхий ассамблейн индэр дээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цөмийн зэвсгийн аюулын эсрэг хийх тэмцлийн хамгийн дөт зам нь цөмийн зэвсэггүй бүсийг олноор байгуулах явдал хэмээн байр сууриа дахин илэрхийллээ. Монгол Улс НҮБ-ын хамтын ажиллагаандаа илүү амбицтай байна. Тухайлбал, 2022 он гэхэд Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, 2015 он гэхэд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох зорилт тавин ажиллаж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин