Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Гэтэл Монголдоо номер нэг гэгддэг Гандантэгчилэн халцархай хаалгатай, хаалганых нь хажууд машин тавьчих зогсоол ч алга. Өндөр Жанрайсигийн өмнөхөн мянган лам зэрэг ном хурах дугана барих ажил ид өрнөж байна. Энэ дугана ашиглалтад орвол, цагаан сар, бурхан багшийн их дүйчин өдрүүдэд мянган лам зэрэг ном хурж байх юм гэнэ. Ил задгай нийтийн жорлон байдаг, тэр нь хүн орохын эцэсгүй муухай. Гандантэгчилэн хийдэд хөл амраах сандал ховорхон. Хүүхэд, шуухдаа дагуулсан хүмүүс тагтаа хооллох л гэж Гандантэгчилэнг зорьдог шүү дээ. Ном бичүүлдэг өрөөгөөр нь шагайвал хөл газар гишгих зай ч алга. Ном бичүүлдэг өрөө нь миний мэдэхийн 10 жилийн өмнөхөөс сайжирсан юм алга. Хамгийн хямд ном нь хийморийн сан үнэ 300 төгрөг, хамгийн үнэтэй нь “Алтанганжуур” бөгөөд 10 мянган төгрөг. Доогуураа пүүз өмсч, дээгүүрээ орхимжоо нөмөрсөн ламаас бичүүлсэн номыг маань хэзээ уншихыг асуувал “маргааш” гэдэг товчхон хариулт өгөв.
- Биеэрээ байх шаардлагатай юу?
- Шаардлагагүй ээ, бөөндөөд л уншчихна.
Харамсалтай нь, Гандантэгчилэн хийдийн хашаан дотор амрах сандал, өл залгах хоол хүнсний юм ололтгүй. Төв хаалганы үүдэнд байх “Түргэн хоол” гэсэн ТҮЦ нь хаалттай, хаагдаад удаж байгаа. Гандантэгчилэн хийдийн хашаанаас гараад дор хаяж 400 метр алхаж байж хоолтой залгана. Уг нь Гандантэгчилэн буян номын газар, нөгөө талаас үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа сүсэгтэн олны тав тухыг хангасан орчин нөхцөлийг бүрдүүлэх ёстой байх. Ядарсан нь суугаад амарчихдаг сандалтай, бясалгал үйлдэх гэсэн нь завилаад суучих цэвэрхэн талбайтай, хооллож, ундалчих газартай, үгүй ядаж л зуны дэлгэр цагт суух сандалтай бол орон гэрээсээ авчихсан хоол ундаа дэлгээд идэж уучихна шүү дээ. Хашааных нь тээр хойно байдаг задгай “ОО”-ийг эс тооцвол “биеэ хөнгөлчих” газар алга. Тагтаа хооллодог талбай овон товон чулуугаар янзалсан нь хүүхэд бүдрээд уначихмаар аюултай санагдсан. Халуун дулаан улиралд хөлөө амраагаад суучих сүүдвэрч Гандантэгчилэнгээс хайгаад үзээрэй. Лам нар нь олон жил болоод муудсан сандал дээрээ олбогоо тавиад суух юм хөөрхий. Түүнийг нь янзлаад, сүсэгтэн олноо суучих олигтойхон сандал тавьчих мөнгөгүй баймааргүй юм. Лам нарых нь их зантай, муухай ааштайг нь яана. Орхимж нь хиртэй, гутал нь тоостой лам нар олон харагдсан. Олон нийттэй нь харилцдаг үйлчилгээний газар байна ядаж л хувцас хунараа угаагаад өмсчихдөг байгаасай гэж. Хүн сайхан энерги авах нь битгий хэл үнэр танарт нь бөөлжис цутгамаар, бүдүүлэг соёлгүй лам нартаа харилцааны соёлын талаар бага ч гэсэн ойлголт өгдөг баймаар. Ном уншиж байхдаа гар утсаар ярьдаг, үйлчлүүлэгчээ үл тоомсорлодог лам нарт сүүлийн үед итгэх хүн цөөрөөд л байгаа шүү. Үнэндээ мухар сүсгийг төрүүлэх биш сүсэгтэн олондоо сэтгэлийн энерги эрч хүч өгөхөд Гандантэгчилэн хийдийн гол зорилго орших. Гандантэгчилэн хийдийн удирдлагуудаа. Ном, засал бүхэн нь өөрийн өртөгтэй гэдэг утгаар нь авч үзвэл Гандантэгчилэн бизнесийн байгууллага. Тэгэхээр бизнесийнхээ үйл ажиллагаанд шинэчлэлт хийх шаардлагатай юм биш үү.
Эх сурвалж: Өдрийн сонин