Монголын анхны уулчин

Монголын анхны уулчин

Монгол улсын уулын спортын ууган мастеруудын нэг, Замчин нийгэмлэгийн анхны дарга Жамбалын Нямсүрэнгийн тухай түүхэн баримтат кино бүтээгдэж байна. Энэ кино монголын уулчдын тухай анхны кино болж байгаа ажээ.

1951 оны 6-р сарын 26-нд 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханд (2800м) гарснаар Монгол улсын уулын анхны авиралт болсон түүхтэй. Ж.Нямсүрэн нь тус багийн ахлагчаар явжээ. Тэрбээр 1955 онд  4031 м өндөр Отгонтэнгэр хайрханд авирсан анхны уулчдын нэг болж, тухайн онд Спортын мастер болсон нь Монголын анхны 6 мастерын нэг нь юм. Ж.Нямсүрэн уулын авиралтаа үргэлжлүүлж 1956 онд Алтай таван богдын Хүйтэний оргилд (4374м),  1959 онд  Хархираа ууланд (4160), 1958 онд Дэлгэрхаанд (4300м), 1963 онд Түргэний ууланд (4203м) авирчээ. Монголын мөнх цастай уулсын оройд анх мөрөө гаргасан хүн яахын аргагүй Ж.Нямсүрэн мастер ажээ.

Уулын спортын тамирчин Р.Зориг, Л.Раднаа, Э.Явуухүү, Д.Халтар, Ж.Нямсүрэн, Я.Жамцан нарын санаачилгаар Богд уулын соёмбот толгойд оргил булаацалдах анхны тэмцээн зохиогджээ. Ж.Нямсүрэн нь Монголын уулын спорт, ханан хадны спортыг хөгжүүлсэн анхны хүмүүсийн нэг юм.