Англи хэлний улсын аварга шалгаруулах тэмцээн болно

 “Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны үндэсний төв” (МТОЗСҮТ)-өөс санаачлан ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, оюутан залуусын дунд англи хэлний үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёр дугаар сарын 08-ны хооронд орон даяар зохион байгуулах юм байна. Тухайлбал, 21 аймгийн 365 сум суурин, нийслэлийн есөн дүүргийн сургуулиудын сурагчид болон бүх их, дээд сургуулийн оюутнуудын дунд энэхүү тэмцээнийг зарлаж байгаа аж. Тиймээс оюутан сурагчдыг тэмцээнд идэвхитэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалав. Мөн уг тэмцээн нь хоёр түвшинд явагдах гэнэ. А буюу шалгалтын материалыг газар дээр нь задалж шалгалт авах, В буюу шалгалтын материалыг урьдчилан өгч бүртгүүлээд, өгөгдсөн материалаас шалгалт авах гэсэн хоёр ангиллаар тэмцээнийг зохиох юм байна. Шалгалтын материалыг Монголд анх удаа олон улсын стандартад нийцүүлсэн гадаад хэлний мэргэжилтнүүд боловсруулах юм.