“Чингис хаан” олон улсын нисэх буудал ачааллаа даахгүйд хүрчээ. 1986 онд анх баригдахдаа жилдээ 500 мянган зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай баригджээ. 1996 онд өргөтгөн шинэчилснээр цагт 800 зорчигчид үйлчлэх боломжтой болсноос хойш шинэчлэл, өргөтгөл хийгдээгүй. Тиймээс Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орохыг хүлээлгүйгээр Чингис хаан нисэх буудлыг өргөтгөн шинэчлэх ажил эхэлжээ. ИНЕГ, Зам тээврийн яам хамтран дахин төлөвлөлт хийж, Чингис хаан нисэх буудалд 2600-2800 ам.метр талбайг нэмж бий болгохоор төлөвлөсөн байна. Өргөтгөлийг хийснээр цагт 1400 зорчигчдод үйлчилгээ үзүүлэх боломжтой болох ажээ. Өргөтгөл хийх хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөжээ.
Анх баригдахдаа хоёр онгоц хүлээн авах хоолойг барьж байгуулснаас хойш 2009 онд ИНЕГ өөрийн хөрөнгөөр шинээр хоёр хоолойг нэмж бий болгосон байна. Чингис хаан нисэх онгоцны буудалд эдүгээ нийтдээ 697 хүн ажилладаг. Хуучин цагт боловсон хүчнээ ОХУ-ын Нисэхийн академид сургадаг байсан бол одоо гадаадын олон оронд сургахын зэрэгцээ дотооддоо ч бэлтгэх боломж нээгджээ. Төмөр замын дээд сургууль энэ жилээс Тээврийн дээд сургууль нэртэй болж, агаарын тээврийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлж байгаа ажээ. Зарим төрлийн нарийн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдаг боловч нисэх буудлын аюулгүй байдал, аэродром, нисэхийн маркетинг, нисэхийн эдийн засгийн чиглэлээр тусгайлан бэлтгэсэн боловсон хүчин нэлээд бий ажээ. Харин шинэ нисэх буудал ашиглалтад ороход онгоцыг зогсоолд нь сумлах мэргэжлийн хүн одоогоор байхгүй гэнэ. Тэгэхээр 2017 онд ашиглалтад ороход шаардлагатай, шинэ технологи, техник хэрэгсэл ашиглаж эхлэхэд шаардлагатай мэргэжилтнүүдийг одооноос эхлэн Японы Жайка байгууллагатай хамтран бэлтгэж байгаа аж.