“Grand tour” аялал жуулчлалын улсын олимпиад амжилттай болж өнгөрлөө. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 9-р сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон дэлхий нийтэд тэмдэглэж ирснээс хойш даруй 30 гаруй жил өнгөрчээ. Эл өдрийг 1980 оноос дэлхий даяар тодорхой сэдвийн дор тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Энэ өдрийг дэлхий нийтэд амралт, зугаалгын томоохон баяр болгон явуулахыг Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас зөвлөж, уриалдаг. Энэ өдрийн зорилго нь олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлж, нэгтгэн нягтруулах, аялал жуулчлалаар дамжуулан нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, сурталчлах, нийтийн өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг.
Энэ жил дэлхийн аялал жуулчлалын өдрийг “Аялал жуулчлал ба Ус” ирээдүйгээ хамгаалье гэсэн сэдвийн дор Малдив улсад тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Харин манай орны хувьд энэ өдрөөр зохиогддог хамгийн томоохон арга хэмжээ бол эрдэм шинжилгээ, танин мэдэхүй, спорт явган аяллын “Гранд тур” аялал жуулчлалын Улсын олимпиад юм. Олимпиадын зорилго нь аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй оюутан залуусын сургалт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг сурталчлах, салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, хөгжлийн гарцыг эрэлхийлэх, дэлхийн аялал жуулчлалын өдрийг үр бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхэд чиглэгдэнэ.
Олимпиад 9 дүгээр сарын 21–27-ны өдрүүдэд, 11 дэх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд уламжлал ёсоор мэдлэг сорих центавр тэмцээн, аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн, оюутны эрдэм шинжилгээний бага хурал, спорт явган аяллын тэмцээн зэрэг төрлүүдээр явагдлаа. Олимпиад 9-р сарын 21-ны өдөр “Спорт явган аялал”-ын тэмцээнээр эхэлсэн юм. Энэ удаагийн аялал жуулчлалын улсын олимпиадад нийт 15 их, дээд сургуулийн баг оролцсон байна. Олимпиадыг Монголын аялал жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэг болон Нийслэлийн аялал жуулчлалын газар, АЖҮТ, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, ХААИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулна. Олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр Ш.Нэргүй захиралтай “Нью Жуулчин турс” компани, ивээн тэтгэгчээр “Black Ibex Expeditions” ХХК, “Active Adventure Tours” ХХК, Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын Guide төв зэрэг байгууллагууд ажилласан байна. Энэ жилийн “центавр” тэмцээнд Хүмүүнлэгийн Их Сургуулийн баг тэргүүлж, ХААИС удаалж, УБ их сургууль гуравдугаар байранд шалгарлаа. Аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэнд МҮИС-ийн баг “Увс аймагт аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх нь” сэдвээр, ХААИС-ийн баг “Сонгинохайрхан ууланд UB tower байгуулах” сэдвээр, Их Монгол их сургуулийн баг “Усан парк, усны лазер шоу-г аялал жуулчлалын эвент болгох нь” сэдвээр, ТНУС “Эко баазын усан байгууламж” сэдвээр, МУБИС-ийн БУС-ийн баг “Туул голоо хамгаалах нь” сэдвээр тус тус амжилттай оролцлоо.