“Ар Халхын цагаан Утай Гүмбүм”-ийг сэргээлээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хүрээ гурван Жаргалантад Ар Халхын цагаан Утай Гүмбүм буюу Балдан Барайвун хийд гэж бий. 1777 онд байгуулж байсан бөгөөд 1938 онл хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дайрч, гол цогчин сүмийн барилгыг бүрэн устгаж чадалгүй орхиж байсан түүхтэй.

Уг хийд 160 гаруй жилийн хугацаанд цэцэглэн хөгжиж, 1000 гаруй ламтай, лам, хар, худалдаачин наймаачны хороололтой,эргэн тойрных нь ууланд байгаль эхээс заяасан үзэсгэлэнт тогтоц, ургаа хад чулууг ашиглан 10 чулуун бурхан, ном судар, бичээс, соёмбо урлаж, 1784 оны намрын адаг сарын билэгт сайн өдөр “Арвай чулуун бурхнаар хүрээлүүлсэн Ар Халхын цагаан Утай Гүмбүм” гэж алдаршуулахаар болсон аж. 1992 онд уг хийдийг сэргээж, “Бэлэг Өлзийт” сүмийн дэргэд модон дуган байгуулж, түүнээс хойш дээрх чулуун сүмийг сэргээхээр болж, АНУ-аас Марк гэгч хүн ирж, төслийг удирдаж байсан. Энэ үед хэлмэгдэлийн хар сүүдрээс нууж авч үлдсэн гол шүтээн болох Цамба шидаг бурхан хулгайд алдагдсан юм. Өдгөө хүртэл цул мөнгөөр урласан тэрхүү шүтээнийг хулгайлсан этгээд олдоогүй. Түүнээс хойш сүмийг сэргээн цогцлоох ажил зогсож, 2009-2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сэргээн засварлаж, саяхан нээлтийг нь хийж ашиглалтад оруулсан байна. Энэ хийдийг сэргээн засварлаж ашиглалтад оруулснаар зүүн бүсийн аялал жуулчлалын үзэж сонирхох газрын нэг болж буй аж.