Монголын хамгийн том салхин станц Төв аймгийн Сэргэлэн суманд бий боллоо.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Нидерландын хөгжлийн санхүүжилтийн корпорацийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Сэргэлэн суманд хамгийн том салхин станц байгуулагджээ. Зардлаа 15 жилийн дотор нөхөх, урт хугацааны, алсыг харсан бүтээн байгуулалт болсон байна. 2004 оноос хойш 9 жилийн туршид судалгаа, туршилт, суурилуулалт нь явагдсан аварга салхин сэнснүүд эргэлдэн цахилгаан үйлдвэрлэж эхэлжээ. Тус салхин станцын өндөр нь 80 метр буюу 30 давхар байшинтай тэнцэхүйц, 125 тн жинтэй, зөвхөн далбаа нь гэхэд 40 метр урттай 31 ширхэг салхин үүсгүүртэй. 50 мВТ цахилгаан буюу 100 мянган өрхийг цахилгаанаар хангах хүчин чадалтай. Налайхын дэд станцаар дамжин төвийн эрчим хүчтэй шууд холбогдсон. Нэг жилд хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор багасгах буюу 30 мянган машины агаарт цацдаг утааг үгүй болгоно. Нэг жилд 1.6 сая тонн ус, 122 мянган тонн нүүрс хэмнэх боломжтой ажээ.