Манай эрдэмтэд “Чингис хааны сэнтий” дурсгалт газрыг судалжээ

 
Монгол-Буриадын хамтарсан эрдэмтдийн баг дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 1-ны хооронд Буриадын Түнхэн аймгийн Соёоны уулын энгэрт байдаг “Их эзэн Чингис хааны чулуун сэнтий ширээ” хэмээх домогт газарт судалгаа хийгээд иржээ.

Монголын эртний үүх түүхтэй холбоотой тус газарт 10 метр гаруй эгц өндөр дэнж дээрх нарсан ойд 6.5 метрийн урттай том боржин чулуун хавтан байдаг аж. Мөн тэрхүү сэнтий дээр өнгө нь өөр болохоос бадамлянхуа цэцэгтэй төстэй мөнх ногоон ургамал ургажээ. Шигүү ойд солир унасан мэт харагдмаар байгалийн гайхалтай тогтоц бүхий энэхүү газраас холгүй халуун рашаан байдаг аж.

1990-ээд оноос эхлэн энэхүү шүтээнийг алдаршуулж тахин шүтэх явдал ихэссэн хэдий ч түүхийн энэхүү дурсгал нь маш эмзэг тогтоц бүхий газар байрладаг учир тахилга, хүний хөл хөдөлгөөн ихэдвэл эгц эрэг рүү нурах магадлалтайг судалгааны багийнхан мөн анзаарчээ.

Чингис хаан судлаач, эрдэмтэн н.Шагдар:
-Чингис хааны сэнтий ширээнд хийсэн эрдэм шинжилгээний судалгааны ажилаа бид үүгээр дуусгахгүй юм. Цаашдаа дэлхийн эрдэмтэдтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Сэнтийг тойрсон мододын насыг тогтоох, археологийн эрэл хайгуул хийх, шинэ дурсгалт газар нээн илрүүлэх гээд тэрхүү бүс нутгийг өргөн хүрээнд судлах шаардлагатай байна. Мөн үүнтэй холбоотой ном товхимол гаргах болон түүхийн биет өв болгох асуудлыг хоёр улсын хооронд ярилцах гээд цаг хугацаа их шаардсан асуудлууд нэлээд байна гэлээ.

Монголын нууц товчоо дээр дурдагддаг тус дурсгалт газрыг Буриадын ард түмэн төдийгүй Монголчуудын шүтэн дээдлэх газруудын нэг болгох хэрэгтэй байгааг судалгааны багийнхан онцоллоо.