Зөрчил гаргасан гадаадын иргэнийг албадан гаргана

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулжээ. Гадаадын иргэн манайд цагаачлах, түр ба удаан хугацаагаар оршин суух, манай улсад нэвтрэх зэрэгт мөрдөх хуулийг анх 1993 онд баталсан. Түүнээс хойш эл хуульд 6 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, 2 жилийн өмнө шинэчлэх шийдвэр гаргасан юм. Есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн хуульд гадаадын иргэнд тавих хяналт, эрх зүйн орчныг сайжруулах, ялангуяа зорчил гаргасан иргэнд тооцох хариуцлагыг өндөржүүлжээ. Мөн гадаадын иргэнийг албадан гаргах нөхцөлийг 7-гоор нэмж 12 болгосон байна. Монгол Улсад амьдарч байгаа гадаадын иргэн жилд 2-оос дээш хэв журмын зөрчил гаргасан тохиолдолд шууд албадан хөөх заалтыг нэмсэнээс гадна гадаад иргэдийн эрх зүйн болоод бусад асуудлыг ГИХАЭГ хариуцдаг боллоо. Энэ мэт заалт өмнөх хуульд байгаагүй аж. Тус газар нь өнгөрсөн оны байдлаар 19 орны 2500 орчим хүнийг Монгол Улсаас албадан гаргаснаас 95 хувь нь БНХАУ-ын иргэн байсан байна.