Харуй бүрийгээр олон замын уулзвар дээр адууны хувхай толгой сандайлан сууж, үүр цайтал хуурдаж чадваас жинхэнэ хуурч болдог хэмээх домог бий. XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед ард түмний дунд авъяас чадлаараа алдаршсан Лувсан хуурч 16 насандаа энэ домгийн ёсоор адууны хувхай толгой сандаалан шөнөжин хуурдаж хоноод жинхэнэ хуурч болсон гэдэг. Тэрбээр морин хуураараа сайхан аялгуу тоглохоос гадна хуураа татан шаггүй сайн мэргэлдэг байсан гэсэн яриа бий. Үеэс үед, амнаас ам дамжин яригдаж ирсэн энэ домгийг ”Даяар хөх Монгол” ТББ-ын дэргэдэх уран бүтээлч залуус сэтгэл, итгэл нэгдэн амьдруулжээ. Эртний хун хэлбэрээр толгойг, адууны хувхай толгойгоор царыг нь орлуулж хийсэн энэ бүтээлээ тэд ”Хун хуур” хэмээн нэрийдсэн нь урлаг судлаач, хуурчдын анхаарлыг ихэд татсан байна.