Явган аялагчийн лавлах ном хэвлэн гаргах гэнэ.

ССАЖЯ-наас аялал жуулчлалын баталгаат зам, чиглэлийг тогтоохоор бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээс хүснэгтийн дагуу явган аялал, алхалтын замын чиглэл тогтоох саналыг авч эхлээд сар гаруйн хугацаа болж байна. Харин өчигдөр ССАЖЯ-ны удирдлагууд “Монголын адал явдалт спорт аялалын холбоо”-ны хамт олныг хүлээн авч уулзлаа.

“Монголын адал явдалт спорт аялалын холбоо” нь байгуулагдаад 20 гаруй жил болж байгаа бөгөөд адал явдалт спортын олон улсын болон улсын чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулдаг байна. Тэд манай орны дэд бүтэц хөгжсөн аймгуудад эрчимтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дүүрэг бүрт клуб ажиллуулж байгаа гэнэ. Энэ хугацаандаа 300 гаруй багш дасгалжуулагч нарыг бэлдсэн бөгөөд цаашид ССАЖЯ-тай хамтран адал явдалт аяллын хөтөч тайлбарлагч, аялал удирдагч нарыг бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна гэсэн юм.

Манай улсад адал явдалд дуртай, тусгай сонирхолын аялагчид ирэхэд мэргэшсэн хөтөч дутагдалтай байгаа гэдэгтэй ССАЖЯ санал нэг байна гэдгээ хэлээд нэг удаагийн сургалтаар хэдэн хүн бэлтгэх боломжтой талаар харилцан санал солилцлоо. Тус холбооны хүүхдүүд хэлний бэрхшээлээс шалтгаалан тэр бүр аялагч нарыг дагуулан Монгол орноор явган аялал хийж чадахгүй байгаа тул ийнхүү албаныханд хандаж байгаа нь энэ юм байна. Тэд усан замын, загас тур, дугуйн аялал, явган аялал, нийтийн бүжиг, эко аялал гээд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг туршлага дээрээ үндэслэн ССАЖЯ-наас гаргах гэж байгаа аялалын баталгаат замын чиглэл тогтоох ажилд хамтран энэ чиглэлийн лавлах ном гаргахаар боллоо. Баталгаат аяллын зам чиглэлийг тогтоосноор гадаадын жуулчдад тухайн орон нутаг өөрийн байгаль, цаг уурын өвөрмөц онцлог, эрт эдүгээгийн соёлын түүхэн дурсгалт газруудыг үзүүлэн сурталчилахаас гадна дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчин, түүх соёлоо сахин хамгаалах үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай болох юм.