Монголчууд цагаан сарын шинийн нэгэнд зориулж дөрвөн бэрх, арван хоёр жил, малын
заяа бодох, сүүлийн ясаар шодох, өлзий, хорол, үйчүүр зэрэг аз сорих тоглоом,
төвхүү бөмбөг намнах, бөх барилдуулах, шагай харвах, сээр хуга шаах, хүзүү
тойгны яс мулт дарах зэрэг хүч чадал, авхаалж самбаа сорьсон тоглоомоор
тоглодог байжээ.
Хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд
багачууд насанд хүрэгчдийн удирдлагын дор шагайгаар алаг мэлхий засах /өрөх/
тоглоомоор тоглодог ба алаг мэлхийд орох шагайны тоо, өнгө, тэдгээрийг өрөх,
мөн тоглох нь нарийн дэгтэй.
Тоглохдоо олуулаа тойрон сууж, шоо орхин шооны нүхний тоогоор өрсөн мэлхийний
холбогдох хэсгийг авсаар хамгийн олон шагай цуглуулсан хүн хожно. Энэ тоглоомд
хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг.
Монголчууд цагаан сарын шинийн нэгний өглөө цагаалах ёслол хийснийхээ дараа
дөрвөн бэрх буулгах тоглоомоор тоглодог заншилтай. Дөрвөн удаа дөрвөн бэрх
буулгасан хүнийг тэр жилд азтай сайн явна гэж бэлгэддэг. Түүнчлэн цагаан сарын
шинийн нэгнээс наймныг дуустал хүүхдүүд шагайгаар морь уралдуулах тоглоомоор,
томчууд арван хоёр бэрх, бөгцөг няслах, бөх барилдуулах зэрэг тоглоомоор
тоглодог заншилтай.