Битүүний урьд орой “Монгол төгсөшгүй” нэгдсэн тоглолт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол төгсөшгүй” язгуур урлагийн нэгдсэн тоглолт энэ сарын найман, есөнд тоглох ажээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглох тоглолтын ерөнхий найруулагч нь Төрийн шагналт гавъяат жүжигчин Д.Сосорбарам. Тэрээр “Тоглолт битүүний урьд орой тоглогдож байгаа нь учиртай. Алтайн магтаалыг энэ долоон хамтлагийн өнгөөр сонссон хэний ч ажил үйлс бүтнэ гэдэгт итгэлтэй байна. Ер нь тоглолтыг үзсэн хэн ч гэсэн сар шинээр лам хуврагаар ном уншуулах шаардлагагүй. Өнгөрсөн жилийн язгуур урлагийн таван хамтлагийн тоглолтоос ялгарах философитой тоглолт болно” гэлээ. Энэ удаад “Алтан ураг”, “Жонон”, “Хөсөгтөн” гэх мэт ардын урлагийн долоон хамтлагийг нэгтгэн Монгол омогшлыг мэдрүүлэх ажээ. Түүнчлэн тоглолтыг DVD болгон үзэгч сонсогчдод хүргэх юм байна.