Богд уулын хамгаалалтын бүсэд зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах боломжтой. Нэг ёсондоо аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа аж ахуй нэгж, иргэд маань хуулийн дагуу саналаа тавьж, төслөө өгдөг. Түүнийг БОЯ үндэслэж, сайдын тушаалаар аялал жуулчлал эрхлэхээр газар ашиглаж болно гэсэн зөвшөөрлийг таван жилийн хугацаатай өгдөг. Энэ хүрээнд л байгууллагууд үйл ажиллагаа явуулах ёстой. Богд уул орчмын газар чинь төрийн өмч. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг шүү дээ. Тэр газар дээр таван жилийн хугацаанд аялал жуулчлал явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд шаардлагын дагуу ажлаа хийх боломж олгодог. Хэрвээ шаардлагатай тохиолдолд, гэрээ нь дуусчихаад байхад сунгахгүй байвал ямар нэгэн өмчлөлийн асуудал үүсгэхгүйгээр төр газраа буцааж авах, тухайн байгууллага чөлөөлж өгөх эрхзүйн зохицуулалттай.
С.Оюун БОНХ-ийн сайд болсон үеэс хойш, тусгай хамгаалалттай газар, ялангуяа Богд уул, Горхи тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт газар ашиглахтай холбоотой ямар нэгэн захиргааны шийдвэр гаргахыг хориглосон байгаа. Аялал жуулчлалын чиглэлээр ч газар ашиглах зөвшөөрөл өгөхийг зогсоосон. Энэ хугацаанд ажлын хэсэг гараад ажиллаж байна.
Ямар ч байсан энэ Засгийн үед, Байгаль орчны яамны одоогийн бүрэлдэхүүний үед Богд уулын аль аманд байшин барихыг зөвшөөрөхгүй. Энэ бол хууль зөрчсөн асуудал.
Богд уул бол дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар. Үндсэндээ албан ёсоор 1776 онд хамгаалалтад авсан уул шүү дээ. Өвөг дээдсээс уламжлагдаад, хамгаалж, тахиж ирсэн энэ газраа хэсэг хүмүүс хуулиа зөрчсөний төлөө тэдний сонирхолд нийцүүлж, Тусгай хамгаалалттай газар нутгийн жагсаалтаас гаргаж болохгүй. Ёс суртахууны хувьд ч гэсэн болохгүй. Нөгөө талаар Богд уул хэрвээ хамгаалалттай бүс биш байсан бол яах вэ. Үүнийг бодож үзэх хэрэгтэй. Битүү хотжилт үүсчихсэн, хааяа нэг зугаалж, цэвэр агаар амьсгалах боломжгүй болох байсан. Тиймээс Богд уулаа хамгаалж үлдэх хэрэгтэй.