Бүх цэргийн их хар сүлдний өргөө иргэдэд нээлттэй боллоо

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн тушаалаар Бүх цэргийн их хар сүлдний өргөөнд зочид оруулах журмыг шинэчилжээ.

Монгол Улсын иргэд, гадаадын зочид төлөөлөгчдөд монгол цэргийн түүхэн уламжлал, Бүх цэргийн их хар сүлдний талаар ойлголт өгч сурталчлах, иргэдэд эх оронч, үндэсний үзэл төлөвшүүлэх зорилгоор ийм тушаал гаргасан гэнэ. Ингэснээр БХЯ-ны хашаанд байрлах Бүх цэргийн их хар сүлдийг иргэд долоо хоног бүрийн баасан гарагт 14.00-16.00 цагт үзэх боломжтой болж буй юм.

Харин Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын болон Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн бие бүрэлдэхүүн Бүх цэргийн их хар сүлдний өргөөнд орохдоо урьдчилан ЗХЖШ-т захиалга өгөх аж. Мөн Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн багийн бие бүрэлдэхүүн тэднийг үдэн гаргах ёслолын төгсгөлд Бүх цэргийн их хар сүлдэнд хүндэтгэл үзүүлж байхаар болсон байна.

Түүнээс гадна Бүх цэргийн их хар сүлдийг цагаалах тайлгыг хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр хийж, БХЯ, ЗХЖШ, Ерөнхий зориулалтын цэрэг, Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн удирдлагыг оролцуулж байхаар болов.