Монголд жинхэнэ утгаараа бартаат замын аялагчид ирэх сонирхол ихтэй байдаг судалгааг харвал зам харилцаа ямар муу байгааг шууд тодорхойлж болно. Мөн үүнээс гадна аялал, жуулчлал нэрийн дор ямар ч тохиромжгүй үйлчилгээ явуулдаг маш олон газрууд байгалийн цогцолборт болон дархан газруудад зөвшөөрөл авсан тохиолдол их байна.
Жишээ нь, Зайсангийн эргэн тойрон Богд уулын аманд аялал жуулчлалын гэсэн нэртэй 400 гаруй газар олгогдсон бол эдгээрийн 90 гаруй хувь нь аялал жуулчлалаас өөр салбарт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна Горхи-Тэрэлжийн сав газрын 10 хувийг аялал жуулчлалын бүс болгох бодлогын хүрээнд тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш эдүгээ 7.8 хувьд нь зөвшөөрөл олгоод байгаа ажээ. Гэтэл зөвхөн нэг аманд 190 гаруй газарт зөвшөөрөл олгосон тохиолдол гарчээ.
Эдгээр газруудын дийлэнх нь аялал, жуулчлалын газрын стандартгүй байхаас гадна жуулчин авахаасаа илүү архидалт, садар самууны үүр уурхай болж байна хэмээн шүүмжлэх хүмүүс ч олон байгаа юм. Мэргэжлийн хяналтынхан Горхи-Тэрэлжийн сав газарт бөөнөөрөө олгогдсон зөвшөөрлүүдийг хянаж, шаардлага хангаагүй газрыг хаах хүртэл арга хэмжээ авах чиг үүрэгтэй байгууллага хэдий ч одоогоор энэ газраас авсан арга хэмжээ байхгүй байна.