Дээр үед Булган
хангай уул орчмоор Сайн ноён хан аймгийн дайчин чин ван Наянт-ын хошуу, Зая
баньдад-ын шавь нутгийн хил зааглаж байсан учир тэр хоёр уг уулыг үргэлж
булаацалддаг байжээ. Заяын гэгээн Булган хангай хэзээний миний шавийн нутаг
хэмээн бахархаж энгэрт нь Хүрээ хийдээ байгуулжээ. Тэгэхээр нь үе улиран
Бээжинд сууж агсан Наянт ван манай хошууны нутаг хэмээн хүчээр түрээ барьж
Булган уулын энгэрт Галдан Зуу хэмээх барханы сүмээ байгуулжээ. Үүнд дургүйцсэн
Зая баньдад бас л миний нутаг тул би эзэмших ёстой гээд Булган хангай уулын
энгэрт орших гал улаан элгэн боржин хаданд Богд Зонховын дүрийг арилдаггүй
зосон будгаар урлан зуруулжээ. Тэгэхээр нь дайчин ван Наянт шаралхаад Булган
уулын оргил дээр хошууныхаа туг далбааг босгон зоочихсон гэсэн домогтой ажээ.
Энэ хайрханы
баруун дээгүүр давах давааг Цагаан даваа гэдэг гэнэ.