Шамбалын ерөөл хурна

9-р сарын 10 буюу энэ 7 хоногийн баасан гаригт дэлхийн энергийн төв Хамарын хийд, Шамбалын оронд Шамбалын их ерөөл хурах ёслол болно. Дорнын их соён гэгээрүүлэгч, ноён хутагт Лувсанданзанравжаагийн байгуулсан 20 гаруй сүм хийдийн хамгийн анхны буюу Монголын соёл урлаг, боловсрол гэгээрлийн түүхэн өв болсоор ирсэн газруудын нэг нь Өвөрбөясгалант Хамарын хийд юм.

Тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа 1851 онд олон шавь нараа цуглуулан Шамбалын орны тэгийг бүтээж орон цагийг гэтлэн Шамбалын оронд уулзахын ерөөлийг тавьснаас хойш энэ газартай холбогдох эргэл мөргөлийн хийгээд Шамбалын ерөөл хурлын ёс тогтсон түүхтэй. Харин 1930-аад оны хэлмэгдүүлэлтэд Шамбалын орон бүхэлдээ устаж үгүй болсон юм. Шамбалын орныг 2000 оноос хутагтын долдугаар үеийн тахилчийн удирдлага дор дахин сэргээх ажлууд хийж, 108 суварга, дөрвөн их хаалг, гороон зам зэргийг хуучин байсан ёсоор сэргээж, Шамбалын орны их ерөөл хурал номыг жил бүрийн 9-р сарын 10-нд хийж байхаар тогтсон юм. 4 жилийн өмнөөс уламжлал болсон энэхүү хурал ном энэ долоо хоногийн баасан гаригт болох нь. Энэ үеэр лам хувраг, сүсэгтэн олон нийтээр Хамарын хийдээс ном, судар залж Шамбалд алхаж хүрдэг дэг жаягтай юм байна.