Ерөнхийлөгч цаатан айлд зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны хамгийн урт шөнийг цаатан айлын урцанд өнгөрөөжээ.

Энэ сарын 22-нд ерөнхийлөгч Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Зүүн тайгад өвөлжиж байгаа цаатны отогт хүрэлцэн очжээ. Цагааннуур сумыг 1985 онд тухайн үеийн төр засгаас цаатан иргэд голлон амьдардаг засаг захиргааны нэгж болгон шинээр зохион байгуулж байжээ. Зүүн тайга дахь цаатны отогт Монгол төрийн тэргүүн анх удаа ес эхэлсэн ид хүйтний үеэр цаатан иргэд эхэндээ итгэхгүй байснаа хэлж байв.

Монгол орны хамгийн хойд хэсэгт амьдардаг, Монгол улсын хамгийн цөөн тоотой угсаатны бүлэг бол цаатнууд юм. Одоогоор Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 130 гаруй өрхийн 600 гаруй иргэд аж төрж байна. Хамгийн цөөн тоотой төдийгүй өвөрмөц соёл, аж ахуй бүхий цаатан иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг төрийн тэргүүн онцгойлон анхаархаа илэрхийлжээ.

Аймгийн төвөөс 300 гаруй, Улаанбаатараас 1000 км алсад орших Дархадын хотгорт энэ өдрүүдэд -48 хэмийн хүйтэнтэй хонож байлаа. Харин цаг агаарын эрс тэс нөхцөлд цаа бугаа маллан амьдардаг манай цаатан-тува иргэдийн хувьд энэ нь тийм ч цочирдохоор хүйтэн биш юм гэж шинэ оны босгон дээр өндөр дээд хэмжээний өвөрмөц содон зочныг урцандаа хонуулсан Б.Өвөгдорж гуай ярилаа.

Үндэсний соёл уламжлалаа хадгалж үлдэх, төрөлх хэл дээрээ боловсрол эзэмших эрхээ хэрэгжүүлэх, цаа бугаас гадна амьжиргааны бусад эх үүсвэрийг хөгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, залуучууудыг ажлын байраар хангах зэрэг олон саналыг цаатан иргэд төрийн тэргүүнд хүргэлээ. Нэг үе 400 хүртэл хоргодоод байсан цаа бугын сүрэг сүүлийн жилүүдэд өсч тус сум одоо 1500 шахам толгой цаатай болоод байна. “Олуулаа хөгжихдөө цөөнхөө ч үлдээлгүй урагшлах ёстой” гэж Ерөнхийлөгч цаатан иргэдтэй уулзах үеэрээ онцлон тэмдэглэжээ.