Идлэг шонхорт зориулж 5000 үүр барина

Абу-Дабигийн Хүрээлэн буй орчны байгууллага Монголын идлэг шонхорыг хамгаалахад зориулж 5000 үүр хийж байгаа тухай “The National” сэтгүүл мэдээлжээ. Идлэг шонхор нь Монголын онгон байгалийн 25000 хавтгай км газарт байдаг. Идлэг шонхорт зориулсан үүрийг ирэх аравдугаар сард БОАЖЯ-нд хүлээлгэн өгөхөөр болжээ. “Хамгийн ховор төрлийн идлэг шонхор дэлхий дээр ердөө 2000-5000 хос үлдсэн. Тиймээс тэдгээрийг хамгаалах хэрэгтэй” гэж тус байгууллагын төлөөлөгч Мажид Аль Мансоури мэдэгдсэн байна. Идлэг шонхорын тоо толгойг өсгөх хамгийн эхний алхам нь үүр барих гэж тэд үзэж, металл болон мод ашиглан хийж байгаа гэнэ. Идлэг шонхорыг үүртэй болгосноор 2015 он хүртэл тоо толгой нь 500 хосоор нэмэгдэх тооцоог тэд хийсэн байна.