Хубилай хааны усан онгоц Японы далайгаас олджээ

Монголын эзэнт гүрний усан онгоц Японы далайгаас олджээ. 700 жилийн өмнө ашиглаж байсан уг онгоц Хубилай хааны усан цэргийн хөлгийн хэсэг ажээ. Энэ тухай мэдээллийг Японы NHK телевизээр мэдээлсэн бөгөөд түүхийн сурвалж бичгүүдтэй тулган үзсэний үндсэн дээр Монголын эзэнт гүрний эдлэл болохыг тогтоожээ. Урьд нь энэ хөлгийн өөр хэсгүүдийг далайн 70 метрийн гүнээс олж байжээ. 700-н жилийн настай энэ хөлгийг хайх ажил 1991 онд эхэлсэн бөгөөд дээр дурдсанаар анхны олдворыг 2001 онд олсон байна. Энэ нь судалгааны багийн 10 жилийн ажлын үр дүн юм. Энэ талаар хэвлэлүүдэд нийтлээгүй бөгөөд удахгүй тодорхой баримтыг дэлгэх тухай тус телевизийнхэн ярьж байлаа. Сонирхуулахад, Японы Кюшю арлын Фүкүока хотын музейд Хубилай хааны цэргийн зэр зэвсэг, хуяг дуулгын олдвор байдаг байна. Эдгээр олдворын тухай ярихад Японыг дайлаар мордсон Монгол цэргүүдийг Хятад жанжин толгойлж явсан тухай түүхийг дурдах хэрэгтэй болдог. Учир нь музейн үзмэрүүдэд хятад маягийн хувцас зонхилдог бөгөөд тухайн үед хятад, солонгос иргэдээс бүрдсэн Монгол арми Япон руу дайлаар мордсон тухай түүхийн сурвалж бичигт бий. Сонирхолтой нь Монголыг төлөөлж байсан армид Монгол цэрэг тун цөөхөн байжээ.