Эртний уламжлан ирсэн Японы цайны ёслолын нэгэн урсгал
болох “Урасэнкэ”-г Монгол, Японы төвд
өчигдөр танилцууллаа. Японы ард түмэн монголчууд бидэнтэй адил цайг дээдлэн
үздэг бөгөөд өнө эртний уламжлалаа хэвээр нь хадгалан үлдээж чаджээ. Зочноо
ирснээс нь авахуулаад үдэх хүртлээ хүндэтгэн цайлах нь энэ ёслолын соёл юм.
Ингэж сэтгэлээ шингээн бэлдсэн цайгаар хүмүүст үйлчлэх нь ариун нандин
сэтгэлийг илэрхийлдэг учиртай гэнэ. Мөн утга бүхий ханз бичмэл, икэбана буюу
амьд цэцэг, цай гурвыг гол бэлгэдлээ болгодог байна.
Дээрх арга хэмжээг Япон, Монголын дипломат харилцаа
тогтоосны 40 жилийн ойд зориулан зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээнд
оролцсон “Урасэнкэ” урсгалын Мацуяма салбарын тэргүүн Карасүдани Кейко нарын
хүмүүс цай уух үеэр иддэг амттаныг монголчуудад зориулан “Монгол хээр тал”
хэмээн нэрлэж, тусгайлан бэлтгэж авчирсан байсан нь хүмүүсийн сонирхлыг ихээр
татаж байлаа.