Нобелийн шагналд нэр дэвшсэн Монгол эмэгтэйчүүдэд батламж гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн энхтайванч 1000 эмэгтэйчүүд” олон улсын үзэсгэлэн өчигдөр Үндэсний музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд дэлхийн 150 гаруй орны энхтайванч 1000 эмэгтэйн хөрөг зураг, хэлсэн үг, ишлэл бүхий ном сэтгүүлийг дэлгэн тавьжээ. 2005 онд энхтайвны төлөө тэмцэгч 1000 эмэгтэйг Нобелийн энхтайвны шагналд багаар нь дэвшүүлсэн нь түүхэнд тэмдэглэх үйл явдал болжээ. Эдгээр 1000 эмэгтэйн дотор Монгол Улсыг төлөөлж Ч.Пүрэвсүрэн, Ш.Оросоо, Д.Сэмжидмаа, П.Одончимэг, Н.Чинчулуун, Ё.Туул, Ж.Занаа, Б.Батсэрээдэнэ нар багтаж байжээ. 2002 оноос хойш энхтайванч 1000 эмэгтэйн тухай ном, баримтат кино, үзэсгэлэн олон улсын хэмжээнд зохиогдож ирсэн гэнэ. Үзэсгэлэнг нээж дэлхийн энхтайванч 1000-н эмэгтэйн нэг П.Одончимэг, дэлхийн энхтайванч эмэгтэйн зүүн Азийн зохицуулагч Кин Чи нар үг хэлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга уламжилсан. “Дэлхийн энхтайванч 1000 эмэгтэйчүүд” олон улсын үзэсгэлэнгийн ерөнхий зохицуулагч П.Одончимэг хэлсэн үгэндээ, “Эмэгтэйчүүд бид ачааны хүндийг үүрдэг боловч алдрын багыг хүртдэг. Эх хүн тайван байвал эх орон тайван байна, эх дэлхий тайван байна” хэмээв. Үзэсгэлэнгийн нээлтийн дараа Монголын энхтайванч эмэгтэйчүүдэд батламж гардуулсан юм. Үзэсгэлэн 29-нийг хүртэл үргэлжилнэ.