“Монгол ралли” айсуй

Сүүлийн үед Монголыг зорьсон авто аялал хийх нь олширчээ. Үүний нэг болох авто ралли Англиас Монголыг зорин хөдөлжээ. Жил бүр болдог уг арга хэмжээг зохион байгуулагчийн нэг “Монгол ралли”-гийн захирал, Улаанбаатар хот дахь Английн хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгч Томас Морган энэ удаагийн “ралли”-д 44 орны 1000 гаруй оролцогч хамрагдаж байгааг мэдэгджээ. Гурван долоо хоногийн өмнө гараанаасаа хөдөлсөн авто ралли хэдхэн хоногийн дараа Монголд ирэх юм байна. Уг раллид оролцсон автомашинуудыг засаж сэлбэн Монголчуудад хандивлана. “Монголыг зорин ирж буй автомашинууд түргэн тусламжийн болон гал унтраах зориулалттай. Монголд түргэн тусламжийн тэрэгний хэрэгцээ маш их байдаг. Тэгэхээр хэрэгцээтэй газар нь хандивлана” гэж Томас  Морган ярьжээ. Хэрэв машинууд ирэх замдаа эвдэрч, гэмтвэл Монголчуудаар засуулах юм байна. Ингэхдээ амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийг сургалтад хамруулж, тэднээр засварын ажил хийлгэх гэнэ.