Аргаль угалзаа тоолов

Монгол, Оросын судлаачид улсынхаа нутагт байгаа дэлхийн “Улаан ном”-д бичигдсэн аргаль угалзаа тоолжээ. Хоёр улсын хил дээрх Алтай Саяны нуруунд 1600 аргаль байгааг тогтоосны 943 нь манай нутагт бий ажээ. Судлаачдын үзэж байгаагаар энэ жилийн зуданд аргаль угалзын тоо толгой хорогдоогүй байна. Оросын судлаач Сергей Спицыний хэлснээр тус улсын нутагт байдаг аргаль Монголд ирж өвөлждөг тул тодорхой тоо гаргахад хэцүү байдаг гэнэ. Хайгуул судалгааны үеэр 14 аргаль олсны долоо нь хулгайн анчдын суманд өртөн шархадсаны улмаас үхсэнийг тогтоожээ. Мөн аргаль угалзын сүрэгт хурга бага байгаа нь хамгийн ихээр санаа зовоож байгааг эрдэмтэд цохон тэмдэглэсэн байна. Хамгийн сүүлд 2003 онд хоёр орны эрдэмтэд тооллого хийсэн ба энэ удаагийн тооллогын ажлыг Олон Улсын байгаль хамгаалах сангаас санхүүжүүлсэн гэнэ. Дэлхийн хэмжээнд 5000 аргаль угалз бий гэсэн баримт байна.