Агаарын бөмбөлгийн үзүүлбэр Хустайн нуруунд болно

Энэ сарын 19-нд Сүхбаатарын талбайд Англи, Герман, Швейцарь, Франц зэрэг орны тамирчид агаарын бөмбөлгийн үзүүлбэр үзүүлэх байсан ч Монголын иргэний нисэхийн хуульд хотын дээгүүр нислэг үйлдэхийг хориглодог тул тус үзүүлбэрийг Иргэний нисэхийн ерөнхий газраас хориглосон шийдвэр гаргаад байсан юм. Санаачлагчид нь уг үзүүлбэрийг Хустайн тахь үржүүлэх газар хийхээр болжээ. Тус үзүүлбэрт оролцох Англи, Герман, Швейцарь, Франц зэрэг орны 19 тамирчин өчигдөр өглөө “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. Эдгээр баг тамирчид 100 гаруй оронд, байгалийн янз бүрийн нөхцөлд агаарын бөмбөлөг хөөргөн, дэлхийн дээд амжилт тогтоож байсан туршлагатай юм. Тэд манай орны аялал жуулчлалын бүс нутгуудаар аялах бөгөөд энэ сарын 24-25-нд Архангай аймгийн Цэнхэр сум, 26-28-нд Өмнөговь аймгийн Хонгорын аманд үзүүлбэрээ сонирхуулах ажээ.