Бэр цэцэг

Эрт үеэс монголчууд “Бэр цэцэг”-ийг эрүүл энх, дайн дажингүй амар амгалан байхын бэлэг тэмдэг болгон хүндэтгэж “Тахилын цэцэг” хэмээн нэрлэж иржээ. Орон нутгийн нэр нь “баавар цэцэг”, “бэр цэцэг”, “тосон тором” гэх ба шинжлэх ухааны нэр нь “Scabiosa” юм.

Цэцгийн гадаад төрх нь монгол урчуудын урладаг эмээлийн мөнгөн баавар шиг гоёмсог. Монгол орны бүх нутгаар тархсан байдаг ба зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг онцлогтой. Ихэнх цэцэгс 10-14 хоног цэцэглээд хагдарч унадаг жамтай. Бэр цэцэг нь  цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй. Таримал байдлаар ургуулж болдог ба арчилгаа бага шаардана, ургамлын өвчлөлд өртөөд байдаггүй, халуун хүйтэнд тэсвэртэй, өсөж ургах чадвар сайтай цэцэг юм.

Эр үед монголчууд уламжлалт анагаах ухаанд бэр цэцгийг ашиглан хор тайлах, шээс хаагдах, цээжинд муу цус хурах, элэгний галаас болж толгой өвдөх, уушигны халуун ханиад хүрэх, элэг муудаж бүх бие ногоорох зэрэгт хэрэглэдэг байжээ.

Анхилуун үнэртэй, нарлаг орчинд байх дуртай учир зөгийн балны эх үүсвэр болно. Зөгий, эрвээхэй их татагддаг тул зарим нутагт “эрвээхэйн цэнхэр” ч гэж дуудагддаг. Хол газар одож буй дотно хүндээ бэр цэцгийг бэлэглэвэл “таныг эргэн иртэл хүлээнэ” гэсэн утга санааг өгүүлдэг хэмээн домоглодог.

Монгол улсын Засгийн газраас 2014 оны 10-р сарын 25-нд Бэр цэцгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн бэлгэдэл болгон “Үндэсний бахархалт цэцэг”-ээр өргөмжлөн зарласан билээ. Ургамал судлаач, багш оюутнууд, эрдэмтэд нийлсэн 1000 гаруй хүний дунд санал асуулга явуулахад “Бэр цэцэг” хамгийн олон саналыг авсан ажээ. Үндэсний бахархалт цэцгийг шалгаруулахдаа ард түмний сайн мэддэг, нутаг орны хэмжээнд өргөн тархсан байдгийг харгалзан сонгожээ. Одоогоор 153 улс орон “Үндэсний бахархалт цэцэг”-тэй бөгөөд Бэр цэцгийг үндэсний цэцгээр зарласан орон байхгүй байна.