Монголын хамгийн өндөрлөг бүсээр ургадаг, сүүлийн үед нэн ховордож байгаа олон наст ургамал. Түүний олон давхар булцуу нь хүйтэнд маш тэсвэртэйгээс гадна хүний биед зайлшгүй шаардлагатай уураг, РР, В, С, D аминдэмүүдээр баялаг бол навчинд нь 877 миллиграмм, булцуунд нь 257 миллиграмм С аминдэм агуулагдаж байдаг. Мөн сапонин хэмээх бодисын агууламж өндөр байдаг. Монгол Алтай, Хангайн уулархаг бүсээр хад асга, хажуу энгэр газраар нилээд түгээмэл ургана. Сонгины цоор нь үзүүр хэсэг рүүгээ нарийссан бүдүүн хөндий иштэй. Үрээр ургахаас гадна сонгинолог ишнээс сэргэн ургах чадвартай. 8 дугаар сарын эхээр ааг амт нь бүрэн гүйцэж, үрээ өгдөг. Энэ үед үрийг цоортой нь хамт таслан аваад наранд сайн хатааж цайруулна. Тариалах үйл явц нь урт сонгино тарихтай адил байдаг. Алтайн сонгино зүрх судас, ходоод гэдэсний өвчинд тун сайн, сапонин гэдэг бодис нь бэлгийн чадавхыг дээшлүүлэх онцгой нөлөөтэй.