Мойл

Хөвсгөл, Хэнтий, Хангай, Хянган, Дорнод Монголын голын хөндий, татам, шугуй, гол горхины эрэг дагуу, хусан төгөл, уулын энгэрт ургана. Том далбагар навчтай, өндөг шиг зууван өргөн дэлбээ бүхий том цагаан цэцэгтэй, 3-7 метр өндөр сөөгөнд ургана. 6 дугаар сарын эхээр цэцэглэж, 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр хар өнгөтэй, аргуун амттай жимс боловсордог. Эмчилгээний зориулалтаар хэрэглэх үед болц гүйцсэн хойно нь багцаар нь авч наранд хатаана. Хатаасны дараа яснаас нь салгаад 5 жил хүртэл хадгалж хэрэглэж болно. Мойл нь барьцалдуулах чанартай тул ихэвчлэн гүйлгэлтийг намжаахад хэрэглэдэг. Хандыг бэлдэхдээ 200 миллилитр усанд 1 цайны халбага хатаасан жимс хийгээд 20 минут буцалгаж, хөргөөд,  стаканы талаар өдөрт 2-3 удаа ууж хэрэглэнэ. Мөн нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвслийн үед хандыг шавшлага маягаар хэрэглэж болно. Цус багадалт, уушигны сүрьеэтэй хүн хандыг цай шиг ууж хэрэглэхэд тохиромжтой.