Таана

Сараантан овогт багтдаг бөгөөд “Хос шүдлиг сонгино” гэж нэрлэдэг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дорнод Монгол, олон нуурын хөндий, Дундговь, Төв аймгийн олон сумдын нутагт хуурай хээр, уул толгодын чулуурхаг, хайргархаг хажуу тэгш тал газраар ургадаг. Таана хөмүүлийн үндэс нь хүчирхэг, ганд маш тэсвэртэй, хөрсийг салхины элэгдлээс сайн хамгаалдаг, маш тэжээллэг чанартай байдаг. 2-4 сантиметр урт сонгинолог булцуу нь 0.5 сантиметр голчтой, хүрэн өнгийн хайрсаар хучигдсан. Иш нь 10-25 сантиметр өндөр, нарийхан. Навчис нь 1-1.5 миллиметр өргөн хагас бортгон хэлбэртэй, ховилтой, захаараа намхан өргөс бүхий үстэй. Цэцэг нь 2-3 сантиметр голчтой шүхэр шиг бөмбөгөр үүсгэнэ. Бүх төрлийн мал сайн иддэг бэлчээрийн ургамал, мөн хүнсэнд хэрэглэнэ. Таана-хөмүүлийн, таана-сонгины, таана-эрдсийн зуурмаг, давсалсан таана зэргийг бэлтгэж малын нэмэлт тэжээл болгодог.