Улаалзгана

Хөвсгөл, Хэнтий, Хангай, Говь-Алтай, Ховд, Монгол Алтайн нурууны уулархаг бүсийн шинэсэн ой, түүний зах, голын эрэг, хусан төгөл, сөөгөн ширэнгэ, хад асга, чийглэг энгэрт ургадаг. Том шүдэрхэг захаар эмжээрлэсэн, гурав юмуу таван далбан бүхий зүрхэн хэлбэрийн навчтай, 1 орчим метр өндөр сөөгөнд ургадаг. 5-6 дугаар  сард цэцэглэж, 7-8 дугаар сард исгэлэн амттай, бөөрөнхий эсвэл зуувандуу хэлбэртэй, улаан өнгөтэй болж боловсорно. Найрлаганд нь сахар 4-10 хувь, С аминдэм 18-30 хувь, пектинүүд, органик хүчлүүд 2-4 хувь, уураг 1.4 хувь, антоциан, фенольт нэгдэл, азотлог бодис агуулагддаг.

Навч нахианд нь эфирийн тос, витамин агуулагддаг учраас цайг орлуулан хэрэглэдэг. Шээс хөлс хөөх, халуурах үед жимснээс гаргасан хандыг уулгахад сайн. Хоол боловсруулах эрхтний хямралыг зогсоох, зүрхний булчингийн агшилтыг нэмэгдүүлэх, судасны лугшилтыг тогтворжуулах, арьсны төрөл бүрийн өвчнийг анагаах үед улаалзганы шүүсийг ууж хэрэглэдэг. Хоол идэхийн өмнө зөгийн балтай хольж хэрэглэвэл хоол маш сайн шингэдэг байна. Улаалзганы навчийг буцалгаж хандлан хэрэглэвэл биеийн тамир тэнхээ сэргэж дархлаа сайжирдаг. Мөн уушигны багтраа өвчин арилдаг байна. Цэвэр хольцгүй шүүсийг арьсны өвчинд шавшлага маягаар ашигладаг. Удаан хугацаагаар хөхүүлэн ханиалгаж байгаа үед улаалзганы чанамал бэлдэж хэрэглэвэл нэн тустай. Чанамал, цэлцэгнүүр, мармелад, ундаа шүүс, ханд, дарс зэрэг бүтээгдэхүүн хийж хүнсэнд хэрэглэнэ.

Эх сурвалж: Монгол орны лавлах