Улиангар мод

Европ болон Азийн сэрүүн бүсээс гаралтай навчит мод. Монгол орны хувьд нарс ба шинэсэн ойд голдуу тохиолдоно. Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудад тархан ургасан байдаг. Улиангар нь гэрэлд дуртай, хэт халуун ба хүйтэн, хүчтэй салхи зэрэгт тэсвэртэй.  Навч нь мөнгөлөг саарал, гоёмсог өнгөтэй. Шулуун иштэй, 25-30 метр өндөртэй, цайвар саарал ба ногоовтор холтостой, дунджаар 45 жил насалдаг, хурдан ургадаг мод юм. Залуу модны холтос нь гөлгөр цайвар байдаг бол хөгширсөн модны холтос нь толбо ихтэй цоохор байдаг. Навч нь дугираг, захаараа шүдэрхэг хэлбэртэй, нахиа нь үсэрхэг, үнэргүй. Саланги бэлэгт ургамал учраас эр эм улиангар гэж байдаг. Эр цэцэг нь улаавтар суурьтай мөнгөлөг, эм цэцэг нь ногоовтор өнгөтэй. Үр нь 1.5 миллиметр ноосорхог цагаан, дундуураа хуваагдан задрах зөөлөн хайрсан гэрэн дотор байрласан байдаг. 5 сарын эхээр нахиалж эхлэн, 8 сарын сүүлч хүртэл найлзуурын өсөлт үргэлжилдэг. Улиангарын намрын өнгө хувиралт маш үзэсгэлэнтэй харагддаг тул ногоон байгууламжинд ганц нэгээр чимэглэн тариалахад тохиромжтой. Үрээр үржүүлэх нь үр дүнтэй бөгөөд 3-4 настай үрээр ургуулсан суулгацыг шилжүүлэн суулгадаг. Бас мөчрөөр үржүүлсэн ч болно. Улиангарыг Сүхбаатар хотын шүдэнзний үйлдвэрт түүхий эдээр өргөн ашиглаж байжээ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах