Нарсныхан овгийн шилмүүст мод, жодоотой тун төстэй. Гималайн нурууны хойд хэсэг, Газар дундын тэнгисийн хавийн нутгуудаас гаралтай. Далайн төвшнөөс дээш 100-3200 хүртэл метрийн өндөрт ургадаг, хүйтэнд тэсвэртэй мод юм. Дэлхийн хуш модны 90 хувь нь Сибирийн ойд ургадаг. 26-30 метр өндөр өсөж, дунджаар 170 жил хүртэл насална.
Монгол орны Хангайн нурууны салбар Тарвагатайн нуруу, Солонготын давааны ойн дээд хил, царамд Монгол-Америкийн судлаачид 450-иас дээш жилийн настай хуш, мөн үхсэн үлдвэр хушинд дендрохронологийн судалгаа хийжээ. Энэ нь хуш модны гол иш рүү өрөмдөж уур амьсгалын түүх, ойн түймэр, модлог ургамлаар идэшлэгч хөхтөн, хөнөөлт шавьжийн нөлөө, археологийн олдвор модон эдлэлийн нас тогтоох зэрэг зорилгоор хийдэг судалгаа ажээ. НТ 262 оноос нааш 1999 он хүртэл 1738 жилийн турш илэрч байсан агаарын хэмийн түүхэн өөрчлөлтийн хэв маягийг модны цагирагийн өргөний индекс утгаар сэргээн тогтоосон байдаг. Судалгааны үр дүнд Монголын газар нутагт өнгөрсөн нэг мянганы туршид XIX зуунд хамгийн хүйтэн сэрүүн үе, харин ХХ зуунд хамгийн дулаан үе тохиож байсныг илрүүлжээ. Сонирхолтой нь, Солонготын давааны температурын мянганы турш дахь өөрчлөлт нь дэлхийн бөмбөрцөгийн умард талд тогтоосон үзүүлэлттэй тун ойрхон байжээ.
Олон судалгааны үр дүнд, хуш мод дэндүү хүйтэн хахир газар оронд ургах, тэсвэрлэх чадвартайг илэрхийлэх ажээ. Зуны эхэн сард эр боргоцойноос хийсэж, хүртээсэн тоосонцорыг эм боргоцой хүлээн аваад тэр жилдээ өвөлжөөд, дараа оны хавар анхдагч боргоцой хөгждөг, үр тогтдог ажээ. Боргоцойн хөгжлийн явц цаг агаарын нөхцөлөөс ихээхэн хамаарна. Эм боргоцой хушны титмийн орой хэсэгт гол төлөв байрладаг бол эр боргоцой титмийн дунд болон доод хэсэгт байршдаг ажээ. Салхиар тоос хүртээнэ. Эм боргоцой хөхөлбөр ягаан, харин эр боргоцой улаавтар өнгөтэй. Таван шилмүүс нэг багцаас цацардаг. Хуш мод нь үр самраа нэлээд хожуу насанд буюу 60-70 нас, шигүү модтой газарт 90-130 нас, нарны тусгалтай сийрэг газарт 30-50 нас хүрч байж боловсруулж эхэлдэг байна. Ийм урт насалж байж самар үрээ өгдөг тул 100 түүнээс олон настай модыг Сибирийн уугуул иргэд “амьд шүтээн” хэмээн үзэж хайрлаж хүндэлдэг.
Богд уул, Хан Хэнтийн уулсад самарчдын харгайгаар муна түншүүрийн сорвигүй үржлийн насны хуш байхгүй болжээ. Хуш маш удаан өсөлттэй, урт настай, хожуу үр самраа боловсруулдаг, үр нь нэгэн зэрэг 2-4 жил өнжиж боловсордог. Холтос нь хүүхдийн зулай шиг нимгэн, хязгаарлагдмал тархацтай, хүйтэн сэрүүн өвөрмөц орчин шаарддаг. Боргоцойг нь унагах гэж ашигласан муна түншүүр хушны холтосыг гэмтээж, улмаар гэмтсэн хэсэгт элдэв хөнөөлт мөөгөнцөр нэвтэрч үржин насжилтыг богиносгодог байна. Мөн давирхай нь ялгаран урсаж түймрийн гал дөл хүрэхэд амархан шатаж мөхөх нөхцөлтэй болдог ажээ.
Хушны самар нь өөх тос, цардуул, уураг, пентазан зэрэг олон төрлийн хүчил агуулдаг тослог идээ юм. Хушны самрыг түүж бэлтгэн шинээр нь хуурч хэрэглэхийн зэрэгцээ тосыг нь шахаж ариутган хүнсний, эмийн болон тансаг үнэртний зориулалтаар боловсруулан хэрэглэдэг. Гэвч сүүлийн үед хушны самрын үрийг газарт унагалгүй түүн авч байгаа нь байгаль орчин сүйдэх шалтгаан болж байна. Самар түүгсэд ихэссэнээс болж хэрэмнээс эхлэн ойн амьтад дайжиж зугтдаг болжээ. Хэрэмний сагсгар сүүл, амьтны үс ноосоор дамжин модны үр тоос хүртэх, амьдран ургах таатай орчноо олдог байна. Гэвч хэдэн сая үрнээс зөвхөн нэг нь л ургаж мод болдог байна.
Хушны сайрыг хүнс тэжээлд, шилмүүс давирхайг нь анагаах ухаанд хэрэглэдэг. Давирхай ихтэй тул сав суулга хийхэд тохиромжгүй байдаг. Хуш нь нэг төрлийн ширхэгтэй, эдэлгээ даадаг, удах тусмаа бөх болдог учраас нарийн мужааны ажилд гол материал болгон ашигладаг. Ялангуяа модон сийлбэрт их хэрэглэгддэг.
Домгоор бол, Урьд нэгэн цагт сайн санаат хараацай шувуу хүнийг үхэлгүй мөнхийн залуу болгохын тулд мөнхийн рашаан ус олоод хэдэн дуслыг амандаа балгаад нисэж явав гэнэ. Гэтэл хорт муу санаатай хэдгэнэ үүнийг мэдээд хараацайг нисэн явах зуурт часхийтэл хатгаж орхижээ. Хараацай шувуу өвдөхийн эрхээр дуу тавин ёолоод аман дахь мөнхийн усаа асгаж орхисонд тэр нь нарс, хуш, аньс гурав дээр дуссан учир энэ гурван ургамал мөнх ногоон навчтай болсон гэнэ. Хамаг хэрэг нь талаар болсон учир хараацай шувуу харуусахдаа хэдгэний хэлийг суга татжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ уянгатай сайхан донгодож чадахаа болиод дэмий л дүнгэнэдэг болсон гэнэ.