Могой тарна

Сараантан овогт хамаардаг бөгөөд орон нутагт “мэхээр” гэж нэрлэдэг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Монгол Алтай зэрэг нутгаар тархсан. Ойт хээр, уулын хээр, өндөр уулын бүслүүрт гол горхины, ойн ба тайгын нуга, нойтон нураг, сөөгөн ширэнгэ, нугархаг хажуу, асга, бул чулуудын дунд ургана. Доороосоо дээш цэцэглэдэг, үндэслэг, 1.5 сантиметр голчтой модорхог мушгиа иштэй. Ишнээс нь 4-6 үе бүхий хэд хэдэн цэцэгт иш салбарлан ургана. Урт бариултай навчис бүхий найлзуур гарна. Цэцэг цайвар, эсөвэл хурц ягаан өнгөтэй байдаг. 6-8 дугаар дамнан уван цуван цэцэглэж, цуварч үрлэдэг. Ходоод гэдэс, олгой тэргүүтэн, савны халуун зэрэг өвчинд тустай. Үндсийг нь ухаж машиндаад гурил болгож хэрэглэнэ. Мэхээртэй тос, мэхээрийн гурил гэж ярьдаг. Зараа зурам, тарвага, алагдаага мэхээрийг цуглуулж үүрэндээ их хураадаг.