Монгол орны загас

Монгол оронд цэнгэг усны 13 овгийн 76 орчим зүйлийн загас амьдардаг. Эдгээрийн 28 зүйл нь агнуурын ач холбогдолтой. Онон Балж, Хэрлэн, Улз, Халхын гол, Буйр нуур, Хөх нуур гэх мэт зүүн бүсэд байх голууд Номхон далайн ай савд орно. Тэнд булуу цагаан, улаан далбаат, Амар мөрний цурхай, Амар мөрний хадран, улаан живэрт зэрэг ховор загас элбэг. Харин могор хилэм загас нэн ховорт тооцогдоно.  Хойд мөсөн далайн ай савд Хөвсгөл, Тэрхийн цагаан нуур, Өгий нуурууд орох бөгөөд тэнд Хөвсгөлийн хадран, зэвэг, алгана загас элбэг байдаг. Гадагш урсгалгүй ай савын Увс нуур, Хяргас нуур, Сангийн далай, Бөө цагаан гэх мэт томоохон нууруудад Алтайн сугас, нохой сугас, монгол хадран амьдардаг. Тэдгээрийг монголын унаган загас гэж нэрлэх нь бий.

Загас нь ургамал болон махан идэштэй байдаг. Улаан нүдэн, живэр гэх мэт нь ургамлаар хооллодог бөгөөд ургамал эсвэл чулууны доор амьдарна. Махан идэшт загаснууд нь тул, зэвэг, нохой сугас, цурхай гэх мэт болно. Тэд гол нуурын гүн хэсэгт жижиг загас жараахайгаар хооллон амьдарна. Загас зовхи байхгүй учраас нүдээ цавчдаггүй. Доош живдэггүйн учир нь  нуруундаа хөвөхөд зохилдсон хийт цуух хэмээх хийгээр дүүрсэн хүүдийтэй байдагтай холбоотой. Үржил нь 1-5 дугаар сард явагдаж, жилд нэг удаа түрс шахах ба 2 удаа түрсээ шахдаг загас ч бий. Харин мөнгөлөг хэлтэг нь өөрөө эр бэлгийн эс ялгаруулж үр тогтоодог өвөрмөц сонин загас ажээ. Гураам хэмээх загас түрсээ шахахад эр нь эмийнхээ биеийг бүтэн ороож шахаж гаргадаг гэнэ. Агнахыг хориглож Улаан номонд оруулсан загас бол Хөвсгөлийн омоль, хилэм загас юм.

Эх сурвалж: Монгол орны лавлах