Ирвэс (Uncia uncia, Schreber, 1775)

Дэлхийд нийт 69 зүйлийн зэрлэг мий амьдардаг. Арслан, бар, ирвэс гэх мэт барсын төрлийн долоо, шилүүс мануул гэх мэт мийн төрлийн 62 зүйл мий бий. Барсын төрлөөс ирвэс, мийн төрлөөс шилүүс, мануул, цоохондой гэсэн дөрвөн зүйл зэрлэг мий Монгол оронд тархан амьдардаг. Дэлхийд ирвэс Алтай, Соён, Хангай, Тэнгэр уул, Гималайн уулсыг дамнан нийт 14 улсын нутагт байдаг байна. Ирвэсний тархалт нийт хуурай газрын 2 хувийг эзэлнэ. Монгол оронд Монгол Алтай, Ханхөхий, Хархираа Түргэний уулс, Хангайн нуруу, Говь-Алтай тэдгээрийн салбар уулс, Алтайн өвөр говийн уулс, Хөвсгөлийн Хорьдол сарьдаг зэрэг уулсад нийт 10 аймгийн 107 сумын нутагт 700-1200 орчим тоо толгойнд хооронд хэлбэлздэг. Биеийн бүтцийн хувьд жижгэвтэр толгойтой, богинохон хөвсгөр үстэй, биеийнхээ урттай тэнцэхүйц хэмжээний урт сүүлтэй. Сүүл нь биеийнхээ тэнцвэрээ хадгалахад хэрэгтэйгээс гадна зулзагаа хамгаалж, хөнжил мэт хучихад ашигладаг ажээ. Ихэвчлэн цагаан шаргал өнгөтэй ба толгой дээрээ жижиг хар толботой. Дугуйдуу, жижиг чихтэйгээрээ энэ төрлийн бусад амьтнаас ялгардаг. Сүүлнийхээ хамт ойролцоогоор 2.5 метр урт, 60 см өндөртэй эл амьтны эрэгчин нь 35-40, эмэгчин нь 45-55 кг жинтэй. Ирвэсийн хэд хэдэн зүйл байдаг ба амьдрах орчин, нутгаасаа шалтгаалан өнгө, толбо болон биеийн хэмжээгээрээ ялгарна. Нас бие гүйцсэн ирвэс муурын төрлийн бусад амьтантай адил 30 шүдтэй. Түүний урт хэл нь “цэвэрлэгээ”-нд их хэрэгтэй. Ирвэс 18-20 жил амьдардаг. Жирийн үед муур шиг дуугарах бөгөөд уурлахдаа харин хүрхэрч, архирна. Ирвэсний арьсан дээрх толбо нүдтэй адил харагддаг.

Зундаа уулын өндөрлөгөөр нутагладаг бөгөөд өвөлдөө идэш тэжээлээсээ болоод бэл рүү буух нь элбэг юм. Ирвэсний гол дайсан нь хүн бөгөөд ховор тохиолдолд чонын сүрэгт бариулах нь бий. Нэг удаагийн харайлтаар зургаан метр хүртэл хол үсэрдэг. Ихэвчлэн шөнийн цагаар ангуучилдаг тул хараа, сонсголын эрхтэн маш сайн хөгжсөн. Дунджаар хагас сард нэг удаа том ан хийж түүгээрээ 4-5 хоног хооллодог. Үржлийн үеийг эс тооцвол ганцаараа амьдрах бөгөөд 160 орчим хавтгай дөрвөлжин километр нутагт шилжилт хөдөлгөөн хийдэг. Ирвэс 2-3 дугаар сард ороо хөөцөлдөөнд орж хагас сар орчим үргэлжлээд орооны дараа эр нь сална. Эмэгчин нь 100 өдөр хээлээ тээж, хадны хөндий агуйд ихэнхдээ 2 зулзага төрүүлнэ. Зарим тохиолдолд 1-5 зулзага гаргах нь бий. Эмэгчин ирвэс төрөхөөсөө өмнө өөрийнхөө ноосноос зулгааж зулзагандаа хэвтэр засдаг. Дөнгөж төрсөн зулзага нүд нь аниастай, 500 грамм жинтэй байна. 5-6 хоногийн дараа нүдээ нээдэг бол 10 хоногийн дараа хөдөлгөөнд орж, явж эхэлнэ. Харин гадаад ертөнцтэй хоёр сарын дараа танилцаж, агуйгаас гарна. Төрснөөс хойш дөрвөн сарын дараа эмэгчний сүү татарч, зулзаганууд махан хоолонд бүрэн шилждэг. Голдуу харанхуй бүрэнхийд явж хоол тэжээлээ олно. Янгир, аргалиас гадна тарвага, туулай, огодой, хойлог, хахилаг зэргийг ангуучилдаг. Идэш тэжээл хомсдвол гэрийн тэжээмэл хонь ямаа, үхэр адуу руу довтлох нь бий. Ирвэс нь байгальд өөрийн идэш тэжээл болдог аргаль янгир гэх мэт амьтдын сүргийг эрүүл байлгах гол үүрэгтэй. Сул дорой, өвчин эмгэгтэй нь ирвэсэнд амархан баригддаг учир сүрэг нь эрүүл байдаг. Монголд 1972 онд ирвэс агнахыг хуулиар хориглож, Улаан номонд оруулсан. Дараа нь 1997 онд Монгол улс нэн ховор амьтны тоонд оруулсан бол олон улсад устах аюулд нүүрлэсэн амьтны тоонд оруулсан байна. 2006 онд “Ирвэс хамгаалах сан” ТББ байгуулагдсан бөгөөд нутгийн уугуул иргэд ирвэс хамгаалах ажлыг зохион байгуулж байна. Дорнын анагаах ухаанд эл амьтны яс болон бусад эрхтэн нь үнэтэй түүхий эд болдог тул сүүлийн үед хулгайгаар авлах нь ихэсчээ.

Дэлхийд данстай амьтан: Латинаар uncial буюу ирвэс гадаад төрхөөрөө леопардтай тун адил учир өмнө нь тэрхүү зүйлд багтаадаг байж. Харин 1960-аад оны сүүлчээс эхлэн ирвэс бол муурын төрлийн бие даасан нэгэн төрлийн амьтан гэдгийг хүлээн зөвшөөрч, судлах болжээ. Ирвэс, судлаачдын нүдэнд тэр бүр өртөлгүй, өөр зүйлтэй андуурагдах болсон шалтгаан нь түүний амьдрах орчинтой холбоотой гэж үздэг. Дэлхийн Улаан номонд бүртгэгдсэн устах аюул нүүрлээд буй амьтны жагсаалтад 1996 онд багтсан ирвэс өдгөө Тажикстан, Кыргыз, Казакстан, Хятад, Пакистан, Афганистан, Энэтхэг, Монгол зэрэг Төв Азийн 15 орны уулархаг бүс нутгаар тархан амьдарч буй ажээ. Тоо толгойн хувьд дэлхийн хэмжээнд нийт 2000 гаруй ирвэс бий гэсэн судалгаа байдаг байна. Монгол Улс эл амьтныг 1997 онд нэн ховор амьтан хэмээн Улаан номд бүртгэсэн. Одоогийн байдлаар манай Говь-Алтай, Хангайн нуруу, Хархираа, Түргэний уулс, Алтайн өвөр говьд 500 орчим ирвэс бий гэдэг албан ёсны судалгаа байна. Дэлхийн байгаль хамгаалах сангаас 2010 оныг ирвэс агнахгүй жилээр зарласан нь тоо толгойн өсөлт бага байгаатай холбоотой аж. Ирвэсийн тоо толгой буурахад нөлөөлсөн гол шалтгааны нэг бол агналт. Ирвэсний арьсаар хийсэн хүрэм 60,000 долларын үнэд хүрдэг гэнэ. Түүнчлэн Дорны анагаах ухаанд эл амьтны яс болон бусад эрхтэн нь үнэтэй түүхий эд болдог тул сүүлийн үед ийм зорилготой хулгайн ав элбэг болжээ. Түүнчлэн хоол хүнсний дутагдалаас болж зүй бус хорогдол ихсэж буй талаар судлаачид анхааруулдаг. Эртний египетчүүд ирвэсийг Осириса бурханы бэлгэдэл хэмээн дээдэлдэг бол хятадууд эр зориг, тулааны онгод авчрагч гэж шүтдэг байжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах, Өдрийн сонин