Үлийн цагаан оготно

Үлийн цагаан оготно хэмээх мэрэгчийг хүн бүхэн бэлчээрийн хортон хэмээн боддог. Социализмын үед үлийн цагааныг устгах гэж хор их цацдаг байсан нь үлийн цагааныг устгах бус ургамлыг хордуулж, өөр бусад амьтны аминд хүрдэг байжээ. Экосистемд “хэрэггүй, илүүдэл зүйл” гэж ерөөс үгүй. Монголын хээр оршин тогтнох тулгуур болсон үлийн цагааныг хортон мэрэгч гэж буруу ойлгон муу нэр өгч, нүд үзүүрлэхээсээ өмнө экосистемийн зүй тогтлыг ойлгох цаг болжээ.

Тарваганы нүхийг дош гэдэг шиг оготны амьдардаг газрыг үлий гэж нэрлэдэг. Дошноос ялгаатай нь үлий олон салаа “коридор”-той.  Олон салаа өрөөндөө гэр бүл 30-уулаа амьдарна. Гэртээ тохилог унтлагын өрөөг нэг метр гүнд байгуулдаг бол гал тогооны өрөөгөө 10-15 см гүнд засна. Унтлагын өрөөндөө өвсөн буйдан хийнэ, эсвэл даавууны өөдөс, хөвөн мэтийг зулна. Унтлагын өрөөндөө бие засахгүй, харин гал тогооны өрөөгөө завааруулчихдаг талтай. Томоохон бүлийн гэр нь гурван гал тогоотой, нэг унтлагын өрөөтэй.

Өвөл идэх өвсөө намар гал тогоондоо нөөцөлнө. Муудаж ялзардаггүй агь өвсийг нөөцлөх дуртай. Хээр хөдөө тааралдах ойр ойрхон ухсан маш олон жижиг нүхнүүд бол тэдний өртөөчилсөн “дэн буудлууд” юм. Өвлийг өнтэй давахын тулд 30 метр хүртэл холоос идэш тэжээлээ зөөхдөө амардаг зогсоолууд ажээ. Төө хүрэхгүй амьтанд 30 метр гэдэг нь жигтэйхэн хол зай ажээ. Дэн буудлууддаа орж “хоргодохгүй” бол агаарын довтолгоо, газар дээрх дайралтаас мултарч чадахгүй зөөж яваа өвстэйгөө хэн нэгний аманд орно. Ийнхүү үлийн цагаан оготнууд өртөөчилсөн буудлуудынхаа хооронд гүйсээр нарийн жим гаргадаг ба үндсэндээ тэдний “хурдны зам” юм. Үлийн цагаануудын нүд оройдоо шахуу байдаг нь ойр орчныхоо аюулгүй байдлыг хянах зохилдлогоотой холбоотой. Үлийн цагаанууд исгэрэх мэт дуут дохиогоор өөр хоорондоо харилцдаг. Нэг нь исгэрэхэд тэр хавийн бүх оготно нүх рүүгээ шургана. “Амь амиа бодоорой” гэсэн дуут дохио ажээ. Хамгийн сонирхолтой нь хэрээ нисэхэд нэг өөр дуу, шилийн сар харагдвал бас нэг өөр дуу гарч бүгд нэгэн командаар нүхэндээ ордог.

Үлийн цагаан оготно жилд хоёр удаа, тав болон долдугаар сард гөлчгий гаргадаг. Эрэгчин нь эмэгчнүүдээ хурааж, үржлийн үедээ 3-4 эм оготныг хээлтүүлдэг. Хээлтүүлсэн эмэгчингүүдээ төртөл нь харж хамгаалах үүрэгтэй. Нэг удаа дунджаар найман гөлчгий төрүүлнэ. Тавдугаар сарынхан сүүлд гарсан дүү нартаа “зааварчлан” хамтдаа өвлийн идшээ бэлтгэдэг. Өнөөдөр өвс зөөж, нүхээ цэвэрлэсэн оготно маргааш нь амраад, нөгөөдөр нь дахиад ажилдаа гардаг “хөдөлмөрийн хуваарь”-тай. Өдөрт нааш цааш нийт 200 орчим метр газрыг өвс зөөж туулдаг.

Шилийн сар, идлэг шонхор, хээрийн бүргэд болон хээрээр дамжин өнгөрдөг томоохон шувууд бүгд үлийн цагаанаар хооллодог. Мөн хярс, үнэг, өмхий хүрэн, мануул, хотны үен, хээрийн солонго, бамбай хоншоортын “хоол” болно. Бамбай хоншоорт үлийн цагааны нүхэнд нь “тухалж” байгаад гөлчгийнүүдийг нь идчихдэг. Үлийн цагаан цөөрвөл олон амьтны тоо толгойд нөлөөлдөг гэсэн судалгаа бий.

Үлийн цагаан оготно өндөр өвстэй газар бие биенээ олж хардаггүй, аюулт дайснуудаа ч харж чадахгүй учраас соргог өвстэй газар бус тачирхан ургамалтай газрыг сонгон байршдаг. Өөрөөр хэлбэл, бэлчээр сүйтгэдэг бус, мал талхалсан газрыг шүтэн амьдардаг. Судлаачид 2000 оны эхээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд нэг га газарт мал оруулахгүй хашжээ. Удалгүй бүсэлхийгээр татсан өвс ургасан ч тэнд нэг ч үлийн цагаан оготно үзэгдээгүй аж. Харин сумын ойролцоо, хүн малд талхлагдсан газар бөөнөөрөө харагдсан байна. Хэрвээ мал бэлчээр талхлаад байвал үлийн цагаан оготны тоо толгой өсөөд байна.

Алгын чинээхэн энэ мэрэгч хээрийн шувууд, амьтдын хоол болохоос гадна гүрвэл, могой зэрэг амьтдад орон байр бэлдэж өгдөг. Ялгадас нь хөрсөнд нэн ашигтай бордоо болдог. Мөн нүх ухаж, хөрс сийрэгжүүлснээр ургамал ногоо ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Машин их яваад дагтаршчихсан хөрсөнд борооны ус тогтдоггүй, харин үлийн цагааны ухсан нүх, үүрэн дээр нь борооны ус шингэж, өвс ногоо сайтар ургадаг. Жирийн хөрсөнд 10 орчим см ургасан өвс үлийн дээр 20 гаруй см ургадаг байна.

Эх сурвалж: МУИС-ийн багш, амьтан судлаач Н.Батсайхан @Batsaikhan Nyamsuren