Тураг гогой (Suliformes)

 

Тураг гогой буюу Хар галуу гэхээр хүмүүс дуртай биш. Сүүлийн үед тураг гогойны ийм тийм эд эрхтэн хүний биед сайн хэмээн буруу ташаа мэдээлэл гарч байна. Хар галуу нь махчин шувууд шиг үүр засаж, хэвтэрээ удаан хугацаанд ашигладаг, ангаахай бойжуулдаг учраас эндо буюу экто паразит ихтэй. Монголчууд ангаахай гаргадаг шувуудыг агнадаггүй.

Оросын шувуу судлаач, эрдэмтэн Виталий Рябцев “Хар галуу загасчдын өмнө ямар ч буруугүй. Байгаль өөрөө биднээс илүү сайн мэддэг. Хар галуунаас болж Байгаль нуурын омуль цөөрсөн юм биш, тор тавьж хайр найргүйгээр хэдэн зуу, мянгаар нь загас олзворлогсод илүү буруутай” гэж онцлон үздэг.

Тураг гогой нь нуур усанд саарал чонын үүрэг гүйцэтгэж загасны сүргийг эрүүл байлгадаг байна. Баруун Европ саарал чоныг устгаснаар чонын хоол болдог амьтад өвчилж тоо толгой нь эрс цөөрч байсан туршлага бий. Загасны сүргийн хамгийн туниа муутай нь тураг гогойн идэш хоол болон баригддаг аж.

Тураг гогойны идэш тэжээлээ барьж иддэг тэр авъяасыг нь ашиглан Япон, Хятад зэрэг улсууд гаршуулж сургасан байна. Тураг гогой байгаль дээр зэрлэг загасны тоо толгой, үржилд сөрөгөөр нөлөөлсөн тухай судалгаа тоо баримт өнөөг хүртэл гараагүй байна. Тураг гогой өмнөд Австралид toadfish, leatherjacket гэх хоёр загасны тоо толгойг хянан зохицуулж байдаг учраас энэ шувууг тус тивийн шувуу судлаачид хамгаалах ёстой гэж үздэг. Учир нь энэ 2 зүйл загас бусад жижиг биетэй загаснуудын түрсийг их хэмжээгээр идэж устгадаг аж.

Анх 1758 онд биологийн санд бүртгэгдсэн бөгөөд эдүгээ 30 гаруй зүйл гогой дэлхийд байдаг аж. Suliformes ангилалд тураг гогойноос гадна өрөвтас, оцон шувуу, гахууна гэх шувууд хамаардаг байна.  Гэвч анх бүртгэгдсэн Pelicaniformes - Хотонтон багт илүү ойр гэж үзэж буй эрдэмтэд цөөнгүй. 1881 онд судлаач Брезовский Их нууруудын хотгорт харж тэмдэглэснээр Монголын шувуудын санд орсон. Хар галуу нь идэш тэжээлийн нөөц хүрэлцээг даган томоохон нууруудад сүрэглэн амьдарч ирсэн. Дэлхий дээр дунджаар 2 сая гаруй тураг гогой бий гэж үздэг.