Булуу цагаан

Булуу цагаан нь цэнгэг усанд амьдардаг, өргөн тархсан загас юм. Энэ загас нь Ази болон Европын зүүн хэсгээс гаралтай бөгөөд анх 13-16 зуунд Европын лам хувраг нар булуу цагааныг хоол хүнсэнд хэрэглэх зорилгоор тэжээж үржүүлэх болсон байна. Булуу цагаан загас бүх тивийн 59 улс оронд тархсан. Бие бүдүүн, сэрвээгээрээ урт, эхний хатгуур нь цацраг хэлбэртэй, ясархаг шүдтэй, мөргийн овгийн загас юм. Нуруу нь хар бараан, заримдаа хар ногоовтор зүстэй. Хажуу тал нь мөнгөлөг цайвар өнгөтэй, хэвэл нь цайвар шаравтар, хайрс нарийн, хар эмжээртэй юм шиг үзэгдэнэ.

Булуу цагаан загас манай орны Буйр нуур, Онон, Хэрлэн голын сав, Оршуун голд бий. Мөн Байгал нуур, Сэлэнгэ мөрөнг дамжиж Өгий нуурт нутагшсан байна. Булуу цагаан загас нуурын эрэг хавийн усанд болон голын адгаар сүрэглэн идээшлэнэ. Хоёроос таван насандаа үржилд орж 6-8 дугаар сард түрсээ хэсэг хэсгээр шахдаг. Хориос дээш жил насалдаг, агнуурын ач холбогдолтой, хурдан үржиж өсдөг загас юм. Булуу цагаан загас элдэв шавьжны авгалдай, хавч хэлбэртэй, зөөлөн биетэн зэрэг амьтан болон ургамлаар голлон хооллодог байна.