Шивэр молцог хандгай (Alces alces pfizenmayeri Zukowski, 1910)

Баг. Туруутан - Artiodactyla
Овог.
Бугынхан - Cervidae

Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн [1]. Таних шинж: Биеийн урт 300 см, сэрвээний өндөр 240 см, жин 570 кг хүрнэ [2]. Бие харьцангуй богино, том, лагс. Мөчид урт. Чих урт, сүүл богино. Дээд уруул доод уруулаа бүрхэж унжина. Хоолойдоо арьсан унжлага буюу сүүхтэй. Мэнжийн сүүх сүндэснийхээс том. Мэнж олон салаалсан том эвэртэй. Эврийн уг богино, бүдүүн, дундаа хавтгай, зөвхөн дээд захаараа олон салаатай. Зүс жигд хар халтар бараан, хөл, хоншоор цайвар [2,3,4,5].

Тархац, байршил нутаг: Хэнтийн уулархаг нутгийн Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голын тайга, Хөвсгөл орчимд Улаан тайга, Хордил нуруу, Үүр голын сав, Умард Хангайд Бүтээлийн нуруу, Бүрэнгийн нурууны зүүн хэсэгт тархана [1,3-6,7-13]. Гол горхийн хөндийн ам татмын чийгтэй бургас, сөөгөн хус торлогон шугуйт намгархаг нуга, уулын хажуугийн торлог ихтэй үргэлжилсэн ойд нутагладаг [3,5-14]. Гол, горхи, нуур усны ойролцоо байх дуртай [3,5]. Өвөл, зуны байршил нутаг бараг адилхан [5]. Хэнтийд өвөл уулын 2000 м--т өгсөн ойн дээд зах хүртэл бэлчиж, зун заримдаа уулын тагд үзэгддэг [3,5]. Нэн хязгаарлагдмал тархацтай.

Амьдралын онцлог: Ороо нийлэгт IX сард орж, V сарын сүүлч, VI сарын эхээр сүндэс 1-2 ходол төрүүлнэ [5]. Голдуу ганц хоёр толгойгоор тааралдана. Хааяа бүлээрээ 6 хүртэл толгойгоор сүрэглэнэ [3,5]. Бие гүйцсэн манж ганцаар явна. Зун төрөл бүрийн ургамал, өлөн, хөвд, найлзуураар идэшлэнэ. Өвөл бут сөөгийн нахиа найлзуур, мөчир, хөвд зонхилон иднэ. Зун намар мараа долооно. Өглөө, үдэш, шөнө идэвхтэй [3,7,8-14]. Тоо толгой, хомсдох шалтгаан: Бараг судлаагүй. Дээр үеэс мах, арьсыг ашиглах зорилгоор агнаж ховордуулжээ [5,9,10]. Наяад оны эхээр 1000 га-д ноогдох толгойн тоо Хэнтийн Минж голын савд 1-2, Захар, Хэрлэнгийн эхэнд 3-5, Ерөөгийн эх Шарланд 3-4, Бүрэнгийн нурууны зүүн хэсэгт, Ононы эх Тарс орчимд 10 км-т тус бүр нэг тохиолдож, бүх тархац нутагтаа 10 гаруй мянган толгой байсны, 70 хувь Хэнтий, Хангайн уулархаг нутагт тохиолдоно [4,5,13,14]. Монгол оронд 2010 оны байдлаар, 39945 км2 нутагт 1.6 бодгаль ноогдох нягтшилтайгаар 7100 орчим шивэр молцог хандгай тархан байршиж байгааг тогтоосон байна [15]. Хууль бусаар агнадаг. Чоно төлийг хялбар барьж хороодог бөгөөд Хэнтийд хандгайд халдах нь түгээмэл. Хамар залгиурын гуур ихтэй [5]. Байршил нутаг, халиун буга, бор гөрөөс, хүдэр, зэрлэг гахайтай давхцана [5]. Устах аюулд орсон зүйл.

Хамгаалсан байдал: Агнахыг 1953 оноос хуулиар хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Монгол улсын улаан номонд оруулсан.Тархац нутгийн 20 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтай газарт хамрагдсан [1,13,14]. Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц биологийг судалж, хамгаалах арга боловсруулан хэрэгжүүлэх, байршил нутгийн улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад эзлэх хувийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулах, зэрэг амьдрах орчныг хамгаалах арга хэмжээ авах, хууль бус агналтыг таслан зогсоох, удмын санг хадгалах.

Эх зохиол, мэдээ: 1. Clark нар, 2006. 2. Гептнер нар, 1961, 3. Банников, 1954, 4. Соколовнар, 1983, 5. Дуламцэрэн, 1989, 6. Дуламцэрэн, 1970, 7. Намнандорж, 1976, 8. Хайдав нар, 1969. 9. Дамдин, 1963, 10. Намнандорж, 1964, 11. Соколов нар, 1980, 12. Базардорж нар, 1984, 13. Шагдарсүрэн нар, 1987, 14. Шийрэвдамба нар, 1997, 15. Монгол орны ойн туруутан амьтдын судалгаа, 2010. Эх сурвалж: ШУА "Улаан ном"