Үндэсний соёл амралтын хүрээлэн

Анх 1965 онд Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөнөөр зохион байгуулах зорилгоор “Хотын соёл амралтын парк” нэртэй байгуулагдсан. 1966 оны 7-р сарын 10-нд Ардын хувьсгалын 45 жилийн ойн их баярын үеэр нээлтээ хийжээ.

Хүүхдийн паркийн талбай нь хотын төвд 37 га эзэлж, түүний 25 га талбайд ногоон байгууламж буюу 6000 мод бут тариалж, 60 гаруй мянган м.кв талбайг зүлэгжүүлж, 2.8 км урт зам тавьж, МХЗЭ ба Пионерийн байгууллагын хүндэтгэлийн талбай байгуулж, 5.6 га талбайд тоглоом байршуулжээ. Бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микро галт тэрэг, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кино театр, Алтанхүү баатрын баримал, мэргэн буудлага, хийн буудлага, теннис, биллярд, хөл бөмбөг зэрэг 27 цэгийг ашиглалтанд оруулжээ. Паркийн анхны даргаар С.Дашдэндэвийг 1965 – 1971 онд томилон ажиллуулсан. Паркийг барьж байгуулахад 10 сая төгрөгийн барилга, байгууламж барьсан бөгөөд бүтээн байгуулалтын ажилд оролцогсдын 50% нь дан залуучууд байжээ.

1979 оны намар 1.8 га талбай бүхий хиймэл нуурыг байгуулж, завины үйлчилгээ нээж 1980 онд ашиглалтанд оруулжээ. 1981 – 1983 онд ЗХУ-аас шинэ алсыг харагч, сюрприз, уран жолоодлогын машинууд, гэрлэн дохио, микро автобус, хөгжөөнт аяллын галт тэрэг, далайчин зэрэг 124 мянган төгрөгийн өртөгтэй 7 төрлийн аттракцион тоглоом, 129.3 мянган төгрөгийн өртөгтэй том хүний зориулалттай 16, хүүхдийн зориулалттай 8, нийт 24 төрлийн автомат тоглоомыг худалдан авч ашиглалтанд оруулсан. 1986 онд ардын язгуур урлагийн “Түмэн эх” чуулгын байр, Хотол баясгалант харш, гадаад жуулчдад зориулсан сийлбэртэй монгол гэр, цэцгийн хүлэмж, автомат тоглоомын төвийг шинээр барьж байгуулсан.

1991 оноос Монголын үндэсний соёл амралтын хүрээлэн гэдэг нэртэй болсон. 2005 оны 9-р сарын 26-нд Нийслэлийн Засаг даргын 397 дугаар захирамжаар татан буулгасны дараа “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК болгон өөрчилж, 2009 онд бүх насны хүмүүст зориулсан бүрэн хэмжээний цогцолбор болгон зохион байгуулсан. Эдүгээ аттракцион тоглоом, хөгжөөнт тоглоом, хоол үйлчилгээ, энтертаймент төв гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, үйлчилгээний стандартыг хангасан тав тухтай орчин, найрсан түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж байна.