“Өндөр хоршоо” хэмээх одоогийн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн барилга нь 1930 оноос “Өндөр хоршоо” хэмээн нэрлэгдэх болсон Монголын анхны их дэлгүүрийн барилга билээ. 1905 онд Оросын худалдаачин Гудвинцев худалдаа хийх зориулалтаар анх бариулсан гэдэг. Доод хонгилд нь ачаатай тэмээ босоогоороо багтан ордог байсан хэмээн хөгшчүүл хуучилна.
Гамингийн үед Хао-Бу-Я хэмээх Хятадын банк байрлаж байсан гэнэ. 1921 онд Оросын улаан цэргийн комендантын байр, 1930 онд “Өндөр хоршоо” буюу Улсын их дэлгүүр байрлаж байжээ. Одоогийн УИД-ийн барилга баригдаж дэлгүүр нүүсний дараа Улсын номын дэлгүүр, дараа нь МУЭХ-ны уран бүтээлчдийн байнгын үзэсгэлэн оржээ. 1960-аад оны үед Ардын зураач Н.Цүлтэм гуайн санаачилгаар түүний цуглуулга бүтээлд үндэслэн тус музейг байгуулсан бөгөөд албан ёсоор 1966 оны 7-р сарын 23-ны өдөр нээлтээ хийжээ. Энэхүү барилга нь энгийн европ хийцтэй бөгөөд нийт 13 танхимаас бүрддэг.