Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт, нийслэлийн 22 дугаар дунд сургуулийн хойд талд орших 2 давхар энэхүү барилга 100 гаруй жилийн түүхийг өгүүлсэн соёлын дурсгал юм. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд
Сайн ноён хан Намнансүрэн 1913 оны үед Дунд голын урд бариулсан 2 байшингийн нэг нь энэ ажээ. 1916 онд Намнансүрэнг нас барсны дараа энэхүү сууцыг Сангийн яамны мэдэлд өгч, Зөвлөлтийн мэргэжилтэн сургагч Козин тэнд ажилладаг байсан учир
“Гоожингийн өндөр” гэж нэрлэгдэх болжээ.
1920-иод онд гамингууд Богд хааныг 50 гаруй хоног энд хорьж байсан гэдэг. Монголын хувьсгалчид ч мөн эл байшинд хоригдож байсан түүхтэй. ХХ зууны эхэн үед энэ байшинг барьсан бөгөөд барилгын гол материал нь шавар, мод гэнэ. Тухайн үедээ их л гоё барилгын тоонд ордог байсан агаад цонх, шат, дээврийн доод талаар үндэсний хээ угалз бүхий гоёл хийсэн байжээ. 1921 оны 10 дугаар сарын сүүлээр дотор, гадна талд нь тэр үеийн төр засгийн удирдагчид, төлөөлөгчдийн хамт авахуулсан зураг түүхийн архивт хадгалагдан үлдсэн байдаг. “Гоожингийн өндөр” хэмээх эл барилга өдгөө Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хамгаалалтад байдаг.