2001 оны 10 дугаар сард уг цогцолборыг Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Хотын захиргаа, Японы нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам хамтран байгуулжээ. Цогцолборын ханан дээр “Нас барсан япон хүмүүсийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө, Их дайны дараа 1945-1947 он хүртэл хугацаанд эх орондоо харихыг ...... хүсэн мөрөөдөж энэ газар нутаг дээр нас барсан Япон хүмүүс та бүхнийг санан дурсаж, энх тайвныг хүсэн эрмэлзсэн санаа бодлыг тань хамтатган санаж энэхүү дурсгалын цогцолборыг байгуулав. Хэйсэй-гийн 13 дугаар оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Япон улсын Засгийн газар” гэсэн үг бүхий самбар байрлуулжээ.
1945 оны дайны дараах Монгол оронд ажиллах хүч ихээхэн шаардлагатай байсан учраас ЗХУ-д хүсэлт тавьсны дагуу 6 удаагийн цуваагаар 12318 олзлогдсон япон цэрэг 1945 оны 10 дугаар сараас эхлэн Монголын газар нутаг дээр хөл тавьжээ. Тэдний хэргийг хамаарах тусгай газрыг байгуулан даргаар нь хошууч генерал Б.Сосорбарамыг томилж, олзлогсдыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Жаргалантын Сангийн аж ахуй, Улаанбаатар хотын зарим үйлдвэр, аж ахуйн байранд байрлуулахаар болж Дамбадаржаа амралтын газрыг эмнэлэг болгон ашиглахаар шийдвэрлэсэн байна. Аж үйлдвэрийн комбинатын арьс шир, эсгий боловсруулах, гутал үйлдвэрлэх хэсэгт 700 хоригдол, Шохойн цагаан булагийн шохойн үйлдвэрт 90, Сүхбаатарын шүдэнзний үйлдвэрт 200 хоригдол, бусад сангийн аж ахуй, Налайхын нүүрсний уурхай, тоосгон завод зэрэгт ажиллуулжээ. Олзлогсдын дотор жолооч, слесарь, загасчин, тариачин, төмөр замчин, сэтгүүлч, нягтлан бодогч, багш, гэрэл зурагчин зэрэг мэргэжилтэйгээс гадна огт мэргэжилгүй хүмүүс ч нилээд байжээ.
1947 оны 10 дугаар сарын 14-нөөс 28-ны хооронд Японы 10705 олзлогсдыг буцаасан бөгөөд олзонд байхдаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 50 орчим хүнээс зарим хүнд ялтай этгээдүүдийг Монголд үлдээгээд хожим 1957 онд Хятадаар дамжуулан нутаг буцаажээ. Албан ёсны тоо баримтаас үзвэл 1613 хүн Монголд нас барсан бөгөөд тэднийг Дамбадаржаа, Хужирбулан, Алтанбулаг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Зүүнхараа, Баруунхараа, Өгийнуур гээд 16 газарт оршуулжээ. 1962 оны 9 дүгээр сард эдгээр шарил буй газарт анх удаа япон хүн ирж хүндэтгэл үзүүлсэн билээ. Булшин дээр тухайн нас барсан хүний нэрийн пайзыг тавих тухай асуудлыг Японы тал 1971 онд тавьснаас хойш 1982 онд эхний ээлжинд Дамбадаржаад байгаа 800 хүнээс нэр нь тодорхой болж батлагдсан 614 хүний булшин дээр нэрийнх нь пайзыг тавьжээ.
1991 онд Японы тал Монголоос олзлогдогсдынхоо шарилыг эргүүлэн авах тухай хүсэлт тавьсны дагуу 1994 онд Японоос тусгай мэргэжилтнүүд ирж Хужирбуланд зөөн авчирч чандарлаад эх орон руугаа авч явсан юм. Одоо шарил байсан газарт нас барсан цэргүүдийн нэрийн пайз үлдсэн бөгөөд 2001 оны 10 дугаар сард тэдний дурсгалд зориулан Дамбадаржаад энэхүү дурсгалын цогцолборыг байгуулжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах