Монголын төрийн ордон болон Монголын гал голомтыг 1639 оноос эхлэн 300 жилийн турш бадраасан Автай сайн хааны өргөө Их хүрээнд байрлаж байжээ. Одоогийн Автай сайн хааны өргөө байгаа газар нь Сэлбийн дэнж бөгөөд Их хүрээ, улмаар Нийслэл хүрээний шав тавигдсан газар ажээ. Үе үеийн турш төрийн гал голомт хэмээгдэж ирсэн бөгөөд YIII Богд хаан тусгаар улс байгуулсныхаа дараа жил бүр хатан Дондогдуламын хамт ирж гал асаан бадраадаг байжээ. Одоогийн байгаа өргөөг сүүлд шинээр барьсан бөгөөд гадаадын жуулчдыг хүлээн авч ардын урлагийн тоглолт сонирхуулах, үдийн болон оройн зоог, тусгай хүлээн авалт зэргийг зохион байгуулж байна.
Домогт өгүүлснээр, Эрт цагт хүнийг 70 орчим насанд хүрч өтлөхөөр нь сүүл аманд нь үмхүүлээд шагайн чөмөгний нарийн үзүүрээр гударч хороодог байжээ. Гэтэл нэгэн залуу аавыгаа хөгшрөхөөр нь тэгэж хороолгүйгээр нуучихжээ. Түүний амьдарч буй улсын хаанд өөр нэгэн улсын хаанаас хоёр янзын бэлэг ирсэн бөгөөд тэрний нэг нь улаан нүдтэй, улаан хамартай, хонин чинээ биетэй цагаан амьтан, нөгөө нь хүн шиг хэлбэрийн боловч тал толгойтой амьтан байжээ. Тэр хоёр амьтныг ард иргэдийн хэн ч хараагүй бөгөөд шөнө бүр залуу хүнээр мануулдаг байсан хэдий ч өнөөх хоёр амьтанд идэгдээд эргэж ирдэгггүй байжээ. Нэгэн өдөр нөгөө аавыгаа нуусан залуугийн манаанд гарах ээлж ирж, аавдаа байр байдлыг хэлжээ. Аав нь цагаан муур авч яваад цагаан амьтныг гарч ирэхээр нь муураа үзүүлээд бай, тал толгойтой хүн шиг амьтныг ойртоод ирэхээр нь хумсаа хавираад бай гэжээ. Залууг манаанд гарч байтал нөгөөх хоёр амьтан ээлжлэн гарч ирэхээр нь аавынхаа захисан ёсоор цагаан муурыг үзүүлээд, хумсаа хавираад байж байтал нөгөө хоёр амьтан буцаж яваад байжээ. Ийнхүү эсэн мэнд өглөөн нарыг үзжээ. Манаанд гарсан залуу амьд байгааг хаан мэдээд дуудуулж, “чи яагаад идүүлсэнгүй амьд гарав” хэмээн асуужээ. Нөгөө залуу “би аавыгаа алалгүй нуусан билээ, аавынхаа зааж өгснөөр тэр амьтадыг айлгаж буцаагаад идүүлсэнгүй хонолоо” гэжээ. Тэр цагаас хойш улсын хаан настай хүнийг хороохоо больж, настанд хүндэтгэлтэй байх зарлиг гаргаад, нөгөө залууд “Аавдаа сайн хаан” гэдэг цол өргөмжлөөд хаан ширээгээ тэр залууд өгчээ. “Аавдаа сайн хаан” гэдэг нь “Автай сайн хаан” болсон түүхтэй ажээ. Харин хоёр амьтны цагаан нь хулгана, нөгөөх нь бөөс байжээ.
Бас нэгэн домогт, “Аавдаа сайн хаан” ан авд дуртай, үргэлж ан гөрөө хийдэг байжээ. Нэгэн удаа ан хийгээд явж байтал голын бургасанд утаа уугиж байхаар нь үзээд ир гэж хүн явуулжээ. Бургасанд хув чихтэй, орог саарал хувцастай хүн сууж байхыг үзээд эргэн ирж “хув орог” юм сууж байна гэжээ. Үүнээс үүдэлтэй хувраг буюу лам хэмээх нэр үүсчээ. Аавдаа сайн хааны хөл нь их өвддөг байсан учраас амьд хүний өрийг зүсэж нээгээд цусанд нь хөлөө дүрэн сууж өвчнөө намдаадаг байв. Тэр үед түүний хөл өвдсөнд хув орог “би хөлийг тань эдгээгээд өгье” гэжээ. Нөгөөх хүн аман дотроо шившлэг унштал өвчин нь алга болж гэнэ. Хаан түүнийг хаанахын хэн болохыг нь асуутал “Түвдийн далай лам байна, номын хүчээр хөлийг чинь эдгээлээ, би танай оронд бурхны шашин дэлгэрүүлье” гэжээ. Хаантан хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө ламыг залахаар бэлтгэлээ базаагаад Түвдийн орон руу явжээ. Дөхөөд иртэл амьтай бүхэн зугтааж байна гэнэ, гэтэл уулын ард хонь хариулж яваа өвгөн зугтсангүйд учрыг асуужээ. “Тэртээ тэргүй өтөлсөн болохоор би зугтаагаад яах вэ” гэв. Өвгөнөөс Түвдэд хүрэх замыг асуутал “Уушгийн даваагаар давбал дөт боловч Монгол хүн давбал заавал үхдэг юм” гэжээ. Хаантан Уушгийн даваа өөд нэг сум шившиж харвачихаад даваад явчихжээ. Түвдийн сүм дуган харагдаж лам нар тэднийг ирэхийг хараад айн сандарч нохойнуудаа тавьжээ. Нохойнууд нь тэнгэрт тоос босгон ирсэн боловч хааны цэргүүдийг хараад эрх хав шиг сайхан аашилж байна гэнэ. Далай ламд бараалхахаар иртэл өргөөнд нь дал мөр нь шархадсан нэг хүнийг Далай лам зэмлэн “чи Уушгийн даваагаар давж буй Монгол хүнийг битгий харваж бай” гэж айлдаж байна. Тэр шархадсан хүн Уушгийн давааны савдаг ажээ. Аавдаа сайн хаан Далай ламд бурхны шашин залах гэж байгаагаа хэлтэл “авах бурхан, лам хоёроо өөрөө сонго” гэжээ. Бурхадын өмнө байх хөшгийг сөхөөд сэлмээрээ хатгах дүр үзүүлээд явж байтал нэг хөх бурхан цээжээ дүүхэлзүүлээд байхаар нь түүнийг бурханаа болгон авчээ. Тэр нь Гомбогүр бурхан ажээ. Ламаа олж авахын тулд сэлмээрээ лам нарын нүүр рүү хатгах дүр үзүүлтэл бүх лам нар дальдирч байхад нэг бор банди тоох ч үгүй сууж байна гэнэ. Тэр бандийг авъя гэтэл “та нутагтаа байж бай, би хойноос чинь очно” гэжээ. Аавдаа сайн хаан Далай ламтай дахин уулзтал “шашнаа эхлэхээр мандал өргүүлээрэй, би эндээс мандал өргөнө” гэж хэлээд нэгэн хадаг өгснийг найм нугалаад өвөртөлжээ. Аавдаа сайн хаан буцаж явахдаа нэгэн хөтөл дээр гарч бие засахдаа бурханаа газар тавьсанд газартай наалдчихжээ. Салахгүй болохоор нь тас цавчаад аваад явжээ. Тэр цагаас хойш тэр хөтлийг Бөгс даваа гэж нэрлээд Гомбогүр бурханы бөгсийг мөнгөөр урлан орлуулжээ. Нутагтаа ирээд Эрдэнэзуу хийдийг байгуулаад 100 ламаар мандал өргүүлсэнд Далай лам мандал өргөхөө мартжээ. Үүнийг мэдсэн Аавдаа сайн хаан нэг сум шившээд тавьтал Далай ламын үүдэнд тор гээд унажээ. Далай лам мандал өргөж тариагаа цацтал Эрдэнзуу хийдийн орчинд тариагаар бороо орж гэнэ. Дараа нь өөрийн хүү Түшээт хан Гомбодоржийнд нэгэн хүү мэндэлснийг “Аавдаа сайн хаан” үзээд “миний Түвд орноос залсан бор банди мөн байна” гэж таньжээ. Тэр нь анхдугаар Богд Занабазар ажээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах