Хөгжим бүжгийн дунд сургууль

1937 оны 4 дүгээр сарын 10-нд Ардын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр “Уран сайхны сургууль” байгуулжээ.  Дараа нь 1945 оны 6 дугаар сарын 1-нд Улсын төв театрын дэргэдэх “Хөгжимт драматик сургууль”, 1957 онд Хөгжим бүжгийн дунд сургууль болон өөрчлөгдөж, 1991 онд Хөгжмийн коллеж болон шинэчлэгдэж 1996 оны 11 дүгээр сарын 12-нд одоогийн Хөгжим бүжгийн коллеж болон өргөжиж С.Гончигсумлаагийн нэрэмжит болжээ.


Тус сургууль Монгол улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг цорын ганц сургууль юм. Үүсэн байгуулагдсанаасаа хойш 7000 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргасан байна. Тус сургуулийн 1-5 дугаар ангид бага боловсрол, 6-9 дүгээр ангид дунд боловсрол, 10-11 дүгээр ангид тусгай мэргэжил олгож, дараа нь бакалаврын сургалтыг 4 жилийн хугацаанд олгодог. Хөгжим бүжгийн коллеж нь төгөлдөр хуур, хийл, морин хийл, үндэсний болон үлээвэр хөгжмийн бүх төрөл, сонгодог бүжиг, ардын бүжиг, ардын болон дуурийн дуучин зэрэг хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг.