Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржид зориулан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хойморт 1963 онд босгожээ. Хөшөөний эх загварыг Лувсанцэрэнгийн Махвал зохиосон бөгөөд гартаа цаас харандаа барин бүтээл туурвиж байгаа байдлаар дүрсэлжээ. Хөшөөний суурины урд хананд "Хэнтий хангай соёны" гэж эхлэх “Миний нутаг” шүлгийнх нь мөрүүдийг мөнхөлж, дөрвөн талаас нь хүмүүс очих шат засчээ. Д.Нацагдоржийн уран бүтээл нь шинэ үеийн монголын уран зохиол бүрэлдэн тогтнож, цаашид хөгжих явцад ихээхэн үр нөлөө үзүүлжээ. Эдүгээ тус хөшөө Улаанбаатар зочид буудлын өмнө, хуучнаар Лениний хөшөө байсан суурин дээр шилжин байрласан.
Д.Нацагдорж 1906 оны 11 дүгээр сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Гүн галуутай хэмээх газар ядуу тайжийн гэрт төржээ. Гэрийн багшаар бичиг үсэг заалгаж анхны боловсрол эзэмшсэн. 1921 онд Цэргийн яаманд бичээч, улмаар Цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1924 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн орлогч, 1925 онд Бүх Монголын пионерын товчооны даргаар томилогдон ажиллажээ.
1925 оны сүүлчээр Ленинград хотод, 1926-1929 онуудад Герман улсын Берлин хотод, дараа нь Лейпциг хотод тус тус суралцсан. Герман хэл сайн сурч эзэмшсний ачаар монголч эрдэмтэн Ц.Жамсрантай хамтарч К.Марксын туурвисан "Капитал" зохиолын тэргүүн бүлгийг монгол хэлэнд хөрвүүлжээ. 1929 онд эх орондоо буцаж ирснээс хойш нас бартлаа ШУХ-нд тасралтгүй ажиллажээ.
Д.Нацагдорж шинэ үеийн Монголын уран зохиолын хөгжилд том байр суурь эзлэхүйц уянгын нийтлэл, тууж, өгүүллэг, найруулал, драмын жүжиг зэрэг бусад утга зохиолын шинэ шинэ төрөл зүйлийг санаачлан хөгжүүлсэн юм. Түүний бүх бүтээл нь эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлээр дүүрэн байдаг. 1930-аад он хүртэл төдийлөн сайн хөгжөөгүй байсан үргэлжилсэн үгийн зохиолын хөгжилд Д.Нацагдорж багагүй хувь нэмэр оруулжээ. Түүний бичсэн бяцхан өгүүллэг, тууриуд өнөө хүртэл үнэ цэнээ алдаагүй байна. 1966 оноос эхлэн уран зохиолын дээд шагнал болох Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг бий болгож, монголын утга зохиолын хөгжилд тодрон гарсан хүмүүст олгохоор болжээ.
Түүний бүтээлүүдээс дурдвал:
· Алс газар сурахаар явагч (1927)
· Миний нутаг (1930-1933)
· Миний хэнз хурга (1930)
· Харанхуй хад (1930)
· Шувуун саарал (1930)
· Ламбагуайн нулимс (1931)
· Нойрон дунд (1931)
· Хөдөө талын үзэсгэлэн (1931)
· Хуучин хүү (1934)
· Соёлыг гайхав (1934)
· Монголын үрс олон болтугай (1934)
· Адууны манаанд (1934)
· Учиртай гурван толгой (1934)
· Үзэгдээгүй юм (1935)
· Хайран охин (1935)
· Миний ээж (1935)
· Ертөнцийн гурван гайхамшиг (1935)
· Өргүй бол баян өвчингүй бол жаргалан (1935)
· Эрүүл явбал улсын наадмыг үзнэ (1935)
· Од
· Ушаандар
· Сандо амбаны харгис явдал
· Октябрь
· Цагаан сар ба хар нулимс
Д.Нацагдорж Оросын болон дэлхийн сонгодог зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулжээ. А.С.Пушкиний “Гилбэрийн хатан”, “Буудалцсан нь”, Эдгар По-гийн “Алтан цох” гэх мэт зохиолуудыг орос ба герман хэлнээс орчуулсан байна. Мөн түүний зохиол бүтээл нь гадаадын олон хэлнээ орчуулагдаж, түүвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг орнуудад хэвлэгджээ.