Ардчиллын дараа ард түмний хандив хөрөнгөөр бүтсэн хамгийн том байгууламжийн нэг бол Монгол бөхийн өргөө юм. Барилгын ажил нь 1992 онд эхэлж 1998 оны 12 дугаар сарын 26-нд нээлтээ хийжээ. Нийт 2500 үзэгчийн суудалтай, 31 метрийн голч бүхий танхимтай, үндэсний бөхийн барилдаанаас гадна жүдо, самба, чөлөөт бөхийн 2 дэвжээ засах боломжтой ажээ. Тамирчдын бэлтгэл сургуулилт хийх заал танхим, зочид төлөөлөгчдийг хүлээн авах уулзалт хүндэтгэлийн өрөө, сэтгүүлч сурвалжлагчдын байрлах өрөөнүүдийг давхар тохижуулжээ. Бөхийн өргөөний дотор хананд Монгол улсын аваргууд Ц.Буянтогтох, Г.Вандан, Х.Шаравжамц, Г.Самдан, Н.Жамъян, Ц.Чимэд-Очир, Б.Түвдэндорж, Ж.Цэвээнравдан, Ш.Батсуурь, Ч.Бээжин, Д.Дамдин, С.Цэрэн, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Д.Хавбаатар, О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын хөргийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.